Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө зуншдаггүй гэдэг шиг энэ жилийн наадам аваргагүй өндөрлөлөө, ардын нам ч Засгийн газарт багтсангүй.
Аваргууд хүндлэлээ даалгүй архайлдаж, айраг цэгээнд сагадаг цаг өнгөрсөн бололтой. Үндэсний бөхийн үнэлэмж өндөрсөж, үе үеийн түрлэг болсон эрүүл саруул, эр бяр жигдхэн бэлтгэлтэй, хэн нь ч хэнийгээ өеөдүүлж чадах залуус хэдэн арваараа байтугай хэдэн зуугаар барилдах болж, төрийн наадмын их шөвгийг таах аргагүй болжээ.
Б.Бат-Эрдэнэ аварга шиг багладаг, Г.Өсөхбаяр аварга шиг өндөр, А.Сүхбат аварга шиг уран мэхтэй, М.Мөнгөн арслан шиг уяж байгаад унагадаг залуус ч олширсон. Ийм чадварлаг, чансаатай бөхчүүдийг төрөн гарахад хамгийн их анхаарал хандуулж буй Үндэсний бөхийн холбоо, аймаг, нутаг нугын бөхийн галуудыг ивээн тэтгэгч нарт наадамчин түмэн баярлаж талархах учиртай.
Наадмаа будилаан булхайгүй сайхан боллоо хэмээн ам халж байгаа бол маргааш намар гэдгийг бас санах л учиртай. Хэдийгээр сонгууль дууссан ч Засгийн газраа байгуулж амжилгүй улсын баяраа тэмдэглэсэн улстөрчид одоо л “ажлаа” хийж эхлэв.
Гэхдээ наадмын өдрүүдэд тэд зүгээр суулгүй толхилцоон, тохиролцоогоо хийсэн бололтой.
Ард түмэн наадмаас шинэ бөхийг хүсдэгтэй адил улстөрд ч үүнийг хүсэмжилж байгаа аж. Өөрөөр хэлбэл, олон түмэн улиг болсон намууд, удаа дараагийн хуйвалдаан, худал амлалтаас залхаж, сонин содон сонголт хийж эхэллээ. Энэ нь ч өнгөрсөн сонгуулийн дүнгээс илэрхий харагдсан.
Энэ жилийн наадмын бөхөөр аварга, арслангууд эхний даваануудад өвдөг шороодсонтой адил лидер, олны танил улстөрчидтэй намууд олонх болж чадсангүй. Өөрөөр хэлбэл, “гудамжны тэмцэгчид”-ийг УИХ-д шууд оруулж ирсэн хэрэг.
Намууд дангаараа Засгийн газраа байгуулах хэмжээний санал авч чадаагүй нь аваргагүй наадамтай адил санагдлаа.
“Ху” угшилтай нам нэрээ сольж, хоёр хуваагдсанаас АН-ынхан дундуур нь шургалан “ялалт” байгууллаа гэж үзэх хүн олон бий. Мөн “АН өрсөлдөгчөө хүч тарамдсан үед нь үнэмлэхүй олон болчихоод, давсан бөх шиг туг тойрохгүй яасан юм бол” гэж тавлах хүн ч байна.
Могой гурав тасравч гүрвэлийн чинээ гэдэг. Түүнтэй адил “Ху” гаралтай нам хоёр хуваагдсан ч өндөр санал авч АН-ынхны үнхэлцгийг хагалчих шахсан.
Байгуулагдаад хагас жил ч болоогүй МАХН л гэхэд богино хугацаанд олны таашаал хүлээж МАН, АН хоёрыг сүрхий бажигдууллаа. Хэрэв Н.Энхбаярыг, С.Нарангэрэл нартай нь сонгуульд орох эрхийг нь хасаагүйсэн бол, бас экс Ерөнхийлөгчийг аймгаар явах эрхийг нь хязгаарлаагүй бол сонгогчдын санал хэрхэн өөрчлөгдөх байсан нь өдгөө харагдаж байна.
Юутай ч нэгэн үе хоёр “Мөнх” хэмээгдэж явсан дархан аварга Ж.Мөнхбат, дархан аварга Х.Баянмөнх шинэ үедээ түрэгдэн зүлэг ногоон дэвжээгээ орхисон шиг АН, МАН хоёр моодноос гарч, монголчууддаа мартагдах үе ирнэ гэдэг сануулга өглөө.
Монгол жудаг, дийлдсэн талд нь ордог халх араншин, улам бүр доройтож яваа нэр хүндээсээ болж ялагдсанаа хүлээн зөвшөөрч чадахгүй, эрийн сайндаа хэдэн суудал авсан мэт сагах хэрэггүй л баймаар.
Арай илүү суудал авсан АН МАН-аас бусад нам, эвсэлтэй нэгдэж, Засгийн газраа байгуулахаар болж байна.
Хэдийгээр Ерөнхийлөгч “Шударга ёс” эвсэлтэй нэгдэхийг нь зөвшөөрөхгүй байсан ч АН-ынхны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, арга мухардсан. Харин намын нөхөд нь урьд нь замын дундаас зангаа хувиргаж, буруугаа баахан бухсан болохоор МАН-тай нийлэхээс ичсэн биз.
Гэсэн ч тэд айдсаа даван эвслээ байгуулахаас аргагүй боллоо. Хууль, хүчний бүх байгууллага АН-ын талд байгаа тул “Шударга ёс” эвслийнхэн Н.Энхбаярыгаа тагтаа мэт торноос чөлөөлөхийг шаардана. Тэгэх ч эрхтэй, бас хэрэгтэй байх.
АН мөн ИЗНН-тай эвсэх саналаа хүргүүлжээ. Цаадуул нь Засгийн газрын хоёр суудлаа өгвөл хамтарч болох юм гэсэн хариу өгчээ.
Энэ мэтчилэн АН-ынхан сөрөг хүчнийхээ хүчийг сааруулахын тулд МАН-аас бусад нам, эвсэл, бие даагчидтай Засгийн газрын суудлаар наймаалцаж байгаа сурагтай.
Гэхдээ тэд бүгд АН-ын саналыг үг дуугүй зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй. Учир нь дөрвөн жилд юу эс болох вэ дээ. Тэгээд ч урьд нь АН эвсэж нэгдчихээд, эргэж яаж бухаж болдгийг маш тод харуулсан. Мэдээж өөрсдөөс нь бусадтай эвсэж буйг нь харж суугаа МАН-ынхан ч зүгээр суухгүй.
Ардчилсан намынхан Н.Алтанхуяг шигээ овжин. Тун сайн гэрээ хэлэлцээр хийхгүй бол нэг өглөө л бусдыгаа “гол гаргачихсан” байж мэднэ.
Урвагсад, гомдогсод, увайгүй нөхдийг элсүүлж, гудамжны хөдөлгөөн өрнүүлж, Засгийн газрыг огцруулж чадна. Эсвэл ерөөсөө ажил хийлгэхгүй шаналгана.
Эцэстээ Засгийн газар огцорвол АН-аас бусад нь шавартай хутгалдаж, 2016 онд ганц ч суудалгүй үлдэж ч мэднэ. Н.Энхбаярыг өрөвдөж санал өгсөн өвгөд, хөгшид нь ч цөөрнө. Үлдсэн хэд нь бас л худлаа амлагчид гэсэн үнэлгээтэйгээр сонгууль өгнө.
За яах вэ, АН төр засгаа, УИХ-аа байгууллаа гэж бодъё. Ардчилсан Ерөнхийлөгчтэйгээ нийлээд, нийслэлтэйгээ хавсраад чухам л үзүүлээд өгье гэж саная. Үнэхээр сайн ажиллах ч юм билүү, хэн мэдлээ. Харж л байя.
Яагаа вэ үхрийн бөөрийг олон жижиг хэсгээс бүрддэг мөртлөө хамгийн сайн ажиллагаатай гэж ярьдаг даа. Түүн шиг ямар ард түмэн байна, тийм л төр засаг байдаг хуулийн дагуу эрээвэр хураавар Засгийн газартай дөрвөн жилийг барах уу, эсвэл Засгийн газар тарах уу гэдгийг харъя.
УИХ-ыг тараая гэвэл МАН-д боломж нь бий. Одоо дахин сонгууль болбол МАХН тэр чигээрээ гарч ирнэ гэж айгаад тэд зүрхлэхгүй биз дээ, хулчгар амьтас. Улс гүрнээ, ард түмнээ гэж бодохоосоо илүү амин хувиа бодсон хэд хэдэн фракцтай МАН-ын суудал цаашдаа сонгууль бүрээр цөөрвөл гайхах хэрэггүй.
Одоо орон нутгийн сонгууль хүлээж байна. Түүний наана түргэн амжуулах ажил энэ намд их бололтой. Гэхдээ ялагдсандаа харамсаж, намынхаа ирээдүйн төлөө санаа зовж буй хүн нэг л байхгүй байх шигээ. Угаасаа хувиа боддог хэдэн дарга нар нь дассан амьдрал, далдын хамгаалалтдаа эргээд орж амжсан болохоор арга ч үгүй юм уу.
Энэ ацан шалаанаас гаръя гэвэл парламентад сонгогдсон “Ху” гаралтай хоёр намын бүлэг нэгдчих хэрэгтэй бус уу.
“Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр” гэж үг бий. Сайн үйлсийн төлөөх үйлсэд ичих хэрэггүй ч гэдэг. Өнгөрснийг мартаад, эргэж нийлж төр барьж чадахгүй юу, юуны төлөө “Ху” гаралтай намыг дэмжиж, нийт саналын 49 хувийг өгсөн юм бэ гэдгийг бас бодох л асуудал. Энэ бол бүлгийн тухай л бодол.
Харин намын шинэчлэлийн тухайд цаг хугацаа харуулна биз. Ямартай ч тэнгэр хөмөрчихсөн биш, тэсвэртэй ард түмэнтэйн хувьд хэрхэхийг нь харах л үлдлээ.
Эх сурвалж: "Өглөөний сонин"