logo
Н.Энхбаярын өмгөөлөгчийн хүүхэд өвдсөн учир шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо

Н.Энхбаярын өмгөөлөгчийн хүүхэд өвдсөн учир шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо

2012/07/19
МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо. Шүүх хурал яагаад хойшилсныг тойлбарлахаар МАХН-ын Олон нийттэй харилцах албаны дарга Ч.Чимидсүрэн, Монгол Улсын гавьяат хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл нар хэвлэлийн хурал хийлээ. 
Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Сайнгэрэлийн дөрвөн сартай хүүгийн бие муудаж гадаадад хагалгаанд орох болсон тул өмгөөлөгчөө солих хүсэлт гаргажээ. Тэгээд Монгол Улсын гавьяат хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэлийг өмгөөлөгчөөр авсан гэдгийг хэвлэлийн хурлын үеэр албан ёсоор зарлалаа.
Өмгөөлөгч С.Нарангэрэл энэ талаар “Н.Энхбаяр надад өмгөөлөгчөөр ажиллах саналыг удаа дараа тавьж байсан. Гэсэн хэдий ч би МУИС-д багшилдаг учир татгалзсан хариу өгдөг байсан. Энэ удаад би ээлжийн амралтаа авсан байгаа тул Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллахаар боллоо” гэв. Тэрбээр Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх хурлыг нэг сарын хугацаанд хойшлуулж өгөх хүсэлт гаргажээ. Учир нь Н.Энхбаярын хэргийн 49 хавтаст хэрэг байгаа бөгөөд мөн нотлох баримт хангалтгүй, гэрчийн мэдүүлгүүд эрүүдэн шүүсэн байдлаар авагдсан байж болох талтай тул хэрэгтэй танилцах хангалттай хугацаа хүссэн байна. Гэвч шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг энэ сарын 31-нд гэж товлосон тул хэдий богино хугацаа байгаа ч хэрэгтэй өдөр шөнөгүй танилцах болно гэж С.Нарангэрэл өмгөөлөгч ярилаа.
Тэрбээр урьд нь улстөржсөн, иймэрхүү хэрэг дээр ажиллаж байсан туршлагатай. Тиймээс энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэж, дээр нь монголын шүүх хараат эсэх, хууль хяналтын байгууллагууд үнэнч ажилладаг эсэхийг харуулахыг зорьж байгаагаа сэтгүүлчдэд дуулгалаа.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш