Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхацсан алтны шороон 242 ордын байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөрийн хэмжээг гаргажээ. Нийт 12 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан уул уурхайн орд газрууд нь тусгай аргачлалаар тогтоосон үнэлгээгээр 1.161 их наяд төгрөгийн хохирлыг учруулсан байна. Тэдгээр орд газрыг эзэмшиж буй компаниудын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оны зургадугаар сард цуцлаад байсан юм. Мөн олборлолтын үйл ажиллагаа явуулсан боловч нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй 171 аж ахуйн нэгжийг илрүүлж хохирлыг нэхэмжлэхээр Улсын мөрдөн байцаах газарт хүргүүлсэн ажээ. 2009-2011 онд 20 аймгийн хэмжээнд 4256 га талбай эвдрэлд орж нөхөн сэргээгдэлгүй орхигдсоныг тогтоосон байна.