logo
Орифлейм оюутнуудыг шулж байна

Орифлейм оюутнуудыг шулж байна

2012/07/19
Сүүлийн үед манайд чанартай, чанаргүй их, дээд сургууль хэт олширсон талаар нэлээд яригдах болсон. Үүнийг нь ч батлах мэт их, дээд сургууль төгссөн ажилгүй залуусын тоо жилээс жилд өссөөр байна.

 Оюутан залуусын зарим нь дөрвөн жилийг дэмий өнгөрөөхийн оронд хичээлийнхээ хажуугаар янз бүрийн ажил, бизнес эрхлэхийг хүсдэг нь нууц биш. Энэ нь захын баар, цэнгээний газруудад ажиллах оюутнуудаас эхлээд олон жишээнээс харагддаг. Мөн оюутнуудын мөнгө олох сонирхолд дөрөөлөн түрийвчээ зузаатгах сонирхолтой бизнесийн бүлэглэлүүд ч олширсоор байгаа.

Манайд 1990 онд Ардчилсан хувьсгал ялснаар хүн бүр хүссэнээ хийж амьдрах боломж бүрэн нээгдсэн. Тийм ч учраас энэ үед гахай үүрч, ганзгын наймаанд яваагүй хүн ховор.

Харин ерээд оны сүүл үеэс эхлэн манайхан сүлжээний бизнест хүчин зүтгэх болжээ. Тодруулбал, Шведийн “Орифлейм” компанийн гоо сайхны бүтээгдэхүүн Монголын зах зээлд нэгэнтээ цэцэглэн хөгжиж, бүр сүүлдээ ядарсан оюутнуудын мөнгийг шулах боллоо.

Уг нь тухайн хүн хаана, юугаа хийж амьдрах нь өөрийн дурын хэрэг. Гэхдээ л гадны юм гэхээр хөлөө хугалчих шахам гүйдэг нь монголчуудын гэм биш зан юм даа. Дээрээс нь Орифлеймийн “мундаг” лидерүүдийн алт шиг үгэнд хууртахгүй байна гэдэг тийм ч амар зүйл биш.

“Орифлейм үнэхээр гайхалтай. Миний амьдралыг орвонгоор нь өөрчиллөө. Энэ л намайг баян болгож, амьдралыг минь утга учиртай болгосон. Та нар ч гэсэн баяжина. Мөнгө байхад бид юуг ч хийнэ, бүтээнэ” гэсэн уран цэцэн үгээр ямар ч хүний нүдэнд байр, машин, мөнгө харагдтал ярихад үүнийг чихнийхээ хажуугаар зүгээр өнгөрөөх нэгэн гарахгүй нь лав. Оюутнууд ч мөн ялгаагүй. Үнэхээр тэдний хэлснээр болдог бол манайхан баяжаад, хагарах цаг аль хэдийнэ болсон доо.

Өнөөдөр орифлейм мэддэггүй, түүнтэй ямар нэг талаараа холбоогүй хүн гэж бараг алга. Гэтэл баяжиж байгаа нь харагдсангүй. Харин ч баяжихаасаа илүү балрах нь их юм шиг.

Ямар сайндаа л «Монгол айл бүрт нэг орифлеймчин, нэг архичин, нэг бөө, мөн Солонгост ажилладаг нэг хүн байдаг» гэсэн хошин үг гарах вэ дээ. Гэхдээ энэ “цэцэн” үгэнд арай л дутуудуулчихсан юм шиг. Нэг орифлеймчин гэхийн оронд “нэг оюутантай, оюутан болгон нь орифлеймд явдаг” гэвэл үнэнд илүү ойртоно.

Ихэнх оюутнууд “Өндөр цалинтай ажилд оюутан авна. Хичээлийн хажуугаар хийх боломжтой”, мөн “Хийснээрээ цалингаа авах борлуулалтын ажилд оюутнуудыг урьж байна” гэх мэт зарын дагуу ажил хайж очоод орифлеймтэй нүүр тулдаг. Очингуут нь хэн нэгэн түүнийг тосч аваад орифлеймийн хуралд суухыг санал болгоно. Болохгүй бол гуйж, хүн чанарыг нь зулгаана. Яаж ийж байгаад л оюутнуудыг “мундаг” лидерүүдийнхээ хуралд суулгаад авсан тохиолдолд элсэх магадлал тун өндөр болдог байна. Наад зах нь тэднийг хөнгөлөлттэй үнээр элсүүлэх гээд л орифлеймд оруулах олон янзын аргатай.

Орифлеймд элссэн хүн эхний ээлжинд 150 бал бонус цуглуулах шаардагатай байдаг аж. Өөрөөр хэлбэл, 150 гаруй мянган төгрөгний бараа зарах ёстой гэсэн үг. Оюутнуудын хувьд энэ бол хамгийн том асуудал. Ялангуяа хүн бүр орифлейм руу хошуурах болсон өнөө үед зүгээр нэг гадуур яваад борлуулалт хийнэ гэдэг хэцүү. Харин борлуулалт хийх хамгийн хямд арга бол хамаатан садан, гэр бүлийнхэндээ бүтээгдэхүүнээ шахах. Бүр болохгүй бол өөрөө авна. “Ер нь каталог бүрээс бал бонусаа бүрэн цуглуулна гэж бараг байдаггүй, өөрсдийн боломжоороо захиалга хийгээд өнгөрдөг” гэж ярьцгаадаг.

Ийнхүү сүлжээний бизнес гэдэг нь нэг талаараа бүтээгдэхүүн нь үйлдвэрийн үнээр иргэдийн гар дээр ирэх давуу талтай ч нөгөө талаараа нэг хүнээр дамжуулан нөгөө хүний мөнгийг шулдаг жинхэнэ шулааны бизнес болоод байна.

Оюутнуудаас орифлеймд хэр олноороо орж байгааг дотуур байрны оюутнуудын байдлаас харж болно. Дотуур байрны нэг тасаг дөрвөн оюутантай. Судалж үзэхэд, дөрвөн оюутны гурав нь орифлеймын хуралд сууж үзсэн, хоёр нь орифлеймд явдаг, аль эсвэл явж байсан аж.

Орифлеймд явдаг гэсэн оюутнуудаас явж байгаад гарсан гэсэн хариулт өгсөн оюутнууд илүү байв. Яагаад гарсан учир шалтгааныг нь тодруулахад “Мөнгөтэй бол уг нь болохоор ажил. Даанч мөнгө, цаг зав муутай болохоор болдоггүй” гэсэн юм. Харин орифлеймд явж байгаа оюутнуудаас хэр амжилттай байгаа талаар асуухад ихэнх нь “Одоохондоо цалинд хүрч чадаагүй ч гэсэн хааяа бонусаа цуглуулж, гарын бэлэг авдаг” гэж байлаа.

Зарим нэг нь бүр орифлеймээс болж өрөнд орсон ч тал бий. Арай амжилттай явсан зарим нь захирал цол руу дөхөж яваад унасан ч тохиолдол байсан аж. Сүүлдээ оюутнууд их хашир болж, зард хууртагдан очоод, орифлеймийн салбар байвал оччихвол шууд л зугтдаг болсон гэнэ.

Уг нь эхний нэг хоёр сард бонусаа бүрэн цуглуулсан бол уруулын бальзам, биеийн тос, шингэн саван зэрэг бүтээгдэхүүн бэлгэнд авдаг ч хоёр, гурван сар захиалга хийлээ гээд цалинд тийм амархан хүрчихдэггүй нь гачлантай. Заавал доороо хүн элсүүлж, баг бүрдүүлэх шаардлагатай. Баг бүрдүүлэхийн тулд мөн л нөгөө муу ядарсан гэр бүл, хамаатнуудаа ятгана, царайчилна.

Энэ бүхнээс харахад орифлеймд оюутнууд амжилттай явахаас илүүтэй орифлеймдсон аав, ээж, хамаатан садныхаа мөнгөөр ашиг тусыг нь хүртдэг оюутнууд илүү байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэг­чийн төлөө газрын Зах зээл судалгааны газраас Монгол Улсад сүлжээний бизнес хэрхэн өргөжиж байгаа, хэрэглэгчид хэрхэн хохирч байгаа талаар судалгаа явуулсан байна. Судалгааны явцад 100 хүнээс асуулга авахад тэдний 22 хувь нь 680 мянган төгрөгөөс 5000 ам.доллар хүртэлх мөнгөөрөө, мөн 22 хувь нь ямар нэгэн байдлаар эрүүл мэндээрээ хохирсон бол долоон хувь нь хуурамч бараа бүтээгдэхүүн худалдан авсан байна. Тэдний ихэнх нь орифлеймээс болсон гэжээ.

Мэдээж, бүх хүн орифлеймээс болж хохироогүй. Мөнгөтэй, боломжтой, танил тал сайтай хүмүүст харин ч хурдан баяжих сайхан боломж. Байгууллагын дарга, удирдага ажилчдадаа орифлеймийн бүтээгдэхүүн шахах зэрэг нь өнөө үед энгийн үзэгдэл болсон нь наад захын жишээ гэх хүн ч тааралддаг. Өөрөөр хэлбэл, орифлейм мөнгөтэй, баян хүмүүсийн бизнес гэдэг нь бүгдэд илт байна.

Харин тэдний энэ бизнесийн гол хөдөлгөгч хүч нь энгийн иргэд. Бас бонусаа гүйцээж чадахгүйн улмаас замын дундаас буцсан, тухайлбал орифлеймд зүгээр л ашиг өгөөд гараад байгаа оюутнууд юм.

Энэ нөхцөл байдлаас хамгийн ихээр хождог хүмүүс нь орифлеймийн лидерүүд, томчууд. Бүр монгол хүн ч биш, Шведийн “Орифлейм” компани юм. Өнгөрсөн жил орифлеймийн зургаа дахь Ерөнхийлөгч цолтон Монгол улсаас тодорч орифлеймчид нэг хэсэгтээ л өөрсдөөрөө бахархаж баярлацгаасан. Монголчууд үнэхээр мундаг гээд л.

Харин эдгээр “Алтан захирал”-ын хийж байгаа ажлын үр дүн Монгол Улсын хөгжилд ямар нэмэр болов. Ядарсан иргэд, оюутнуудыг шулж олсон мөнгөөрөө тэд Ерөнхийлөгч, захиралд өргөмжлөгдөн, гадаад орнуудаар зугаалж байна.

“Орифлейм” компани Монгол Улсын шилдэг татвар төлөгч байгууллага гэж байгаа. Үүгээрээ бас л манай улсын хөгжилд мундаг хувь нэмэр оруулж байна хэмээн хөөрөх ч түүнээс хэдэн арав дахин илүү мөнгө Швед рүү урсан одож байгааг хэн ч ойлгохгүй байхгүй л баймаар. Нялх хүүхдийг чихрээр хуурахтай л төстэй юм даа.

Ийнхүү “Орифлейм” ком­пани Монголын эгэл борчууд, оюутнуудын мөн­гийг шулсаар байна.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш