Энэ сарын 7-ны өдөр Ливи улсын ард түмэн 40 гаруй жилийн дараа анх удаа сонгуулийн санал хураалтанд оролцсон. Өчигдөр орой Ливийн төрийн эрх баригчдыг сонгох сонгуулийн урьдчилсан дүн мэдээ гарсан байна. Урьдчилсан дүн мэдээгээр Ливийн түр Засгийн эрх баригчдыг сонгох сонгуульд Үндэсний хүчний эвсэл 39 суудал авснаар ялалт байгуулсан байна. 58 намаас бүрдсэн Үндэсний хүчний эвсэл гүйцэтгэх засаглалын тэргүүн Махмуд Жибрилиэр удирдуулж, түүхэн сонгуульд өрсөлдсөн юм. Энэ удаагийн сонгуульд Исламын ахан дүүс нам 80 суудалтай танхимаас 17 суудал эзэлснээр жилийн хугацаанд Ливийн төрийн хэргийг явуулах засгийн газар либералчуудаас бүрдлээ. Харин 200 суудалтай Үндэсний Ассемблей хэрхэн бүрдсэн талаар мэдээлэл хараахан тодорхойгүй байна. Ямартай ч үндэсний ассемблей бүрдсэнээс хойш 30 хоногийн дотор түр Засгийн газрын тэргүүнийг дахин шинээр сонгох юм. 100 гаруй намын, 3.500 орчим нэр дэвшигч өрсөлдсөн сонгуулийн үеэр түр Засгийн газрын өнөөгийг тэргүүн Махмуд Жибриль эвслийн Засгийн газар бүрдүүлэхийг санал болгож байсан юм. Шинэ Засгийн газар ирэх 2013 онд Парламентын сонгууль явагдаж дуустал төрийн эрхэнд байх хугацаандаа үндсэн хуулийг бичих үүрэг даалгавартай ажиллах билээ. Арав гаруй хоногийн өмнө улс орон даяар болсон сонгуулийн санал хураалтанд иргэд 62 хувийн ирцтэй оролцсон нь олон улсын ажиглагчдыг дараа дараагийн удаа санал хураалт явуулахад багагүй туршлага хуримтлууллаа гэх дүгнэлтэнд хүргэсэн байгаа. Санал хураалтын явцад орон нутгийн цөөн санал хураах байруудад бага зэргийн үймээн, техникийн алдаа гарсныг эс тооцвол таамаглаж байснаас харьцангуй тайван, цэгцтэй болж өнгөрсөн. Ливийн ард түмэн 1951 оны 12 дугаар сард тусгаар тогтнолоо зарласнаас хойш хамгийн сүүлд 1965 онд бүх нийтийг хамарсан санал хураалтанд оролцож байжээ.