АН, Шударга ёс эвсэл, ИЗНН-ын хамтран ажиллах хэлэлцээр өнөөдөр дуусч, хамтран ажиллах тунхаг бичиг гаргалаа. Уг хэлэлцээрээр яригдсан асуудлыг талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Х.Баттулга, Ч.Сайханбилэг, С.Дэмбэрэл Г.Ганхүү нар мэдээлэл хийв. Уг тунхаг бичигт “Ард түмнийхээ итгэлээр сонгогдсон АН, Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын гишүүд бид бүрэн эрхийнхээ хүрээнд тогтвортой хамтран ажиллана. АН-ын “Монгол хүн” хөтөлбөрийг үндэс болгож, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын мөрийн хөтөлбөрийг мөн тусгах болно. Олон нийтэд ил тод, үр дүнтэй хамтран ажиллахаа тунхаглаж байна” гэжээ. Тунхаг бичгийг өнөөдөр эцэслэн гарын үсэг зурна гэлээ. Гэрээнд намуудын дээд удирдах байгууллагын төлөөлөл гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох аж. “Шударга ёс эвслийн ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан “Бид энэ гэрээндээ бүрэн эрхийнхээ хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллана гэсэн хоёр зарчмыг барьж байгаа” гэв.