logo
Засгийн газрыг 75:25-ын харьцаатай байгуулна гэв

Засгийн газрыг 75:25-ын харьцаатай байгуулна гэв

2012/07/20
Хамтарсан  Засгийн газар байгуулах асуудлаар гурван  өдөр  хэлэлцээр хийсэн АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-ын  ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга, Ч.Улаан, гишүүн Ч.Сайханбилэг, Г.Ганхүү, Д.Тэрбишдагва, С.Дэмбэрэл  нар өчигдөр  орой мэдээлэл хийлээ.

УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, парламентад суудалтай нам, эвслүүд хамтарч Засгийн газар байгуулах шаардлага үүссэн тул ийнхүү хэлэлцээр хийснийг Х.Баттулга гишүүн хэллээ.

Хэлэлцээрийн үр дүн гарч дээрх гурван субъект хамтран Засгийн газар байгуулах шийдвэрт хүрч АН-ын ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга Тунхаг бичиг гаргаснаа танилцууллаа.  Уг тунхаг бичигт “Үндсэн хуулийн хүрээнд улс орон, ард түмний язгуур эрх ашгийг дээдлэн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд тогтвортой хамтран ажиллахаар тохиролцож, хамтарсан Засгийн газар байгуулахаар шийдвэрлэснээ тунхаглаж байна. АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хамтарсан Засгийн газар нь үйл ажиллагаандаа АН-ын “Монгол хүн” хөтөлбөрийг үндэс болгон ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтуудыг тусган, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсрууллаа.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг ард иргэддээ ил тодоор тогтмол мэдээлж, үр дүнтэй, идэвхтэй хамтран ажиллах болно гэж тунхаглаж байна” гэснийг Х.Баттулга гишүүн уншиж сонсгосон юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш