logo
АН, МАХН, МҮАН-ын эвслээс Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёрын нэг нь л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр гэрээ хийгджээ

АН, МАХН, МҮАН-ын эвслээс Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёрын нэг нь л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр гэрээ хийгджээ

2012/07/20

Хамтарсан  Засгийн газар байгуулах асуудлаар гурван  өдөр  хэлэлцээр хийсэн АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-ийн  ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга, Ч.Улаан, гишүүн Ч.Сайханбилэг, Г.Ганхүү, Д.Тэрбишдагва, С.Дэмбэрэл  нар өчигдөр орой гэрээгээ үзэглэсэн билээ .

 Хамтарсан Засгийн Газар байгуулахаар АН, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл, ИЗНН-ын гаргасан тунхаг бичигт “Үндсэн хуулийн хүрээнд улс орон, ард түмний язгуур эрх ашгийг дээдлэн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд тогтвортой хамтран ажиллахаар тохиролцож, хамтарсан Засгийн газар байгуулахаар шийдвэрлэснээ тунхаглаж байна. АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хамтарсан Засгийн газар нь үйл ажиллагаандаа АН-ын “Монгол хүн” хөтөлбөрийг үндэс болгон ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтуудыг тусган, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсрууллаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийг ард иргэддээ ил тодоор тогтмол мэдээлж, үр дүнтэй, идэвхтэй хамтран ажиллах болно гэж тунхаглаж байна” хэмээн өгүүлсэн байв.


Тунхаг бичигт АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын   ажлын хэсгийн ахлагч  нар гарын үсэн зурж, албан ёсоор баталгаажсан байна.
 Сонирхолтой нь дээрх гурван субъект Засгийн газар хамтарч байгуулаад зогсохгүй орон нутгийн болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ч хамтарч оролцохоор болж буй аж.
    Засгийн газрыг 75:25 гэсэн харьцаагаар байгуулах бөгөөд өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийж УИХ-ын даргыг сонгосны дараа Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг өргөн барих юм.

Ч.Оюунгэрэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш