logo
Засгийн газрыг 75:25 гэсэн харьцаагаар байгуулна

Засгийн газрыг 75:25 гэсэн харьцаагаар байгуулна

2012/07/20
Гурван өдрийн турш хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар хэлэлцээр хийсэн АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга, С.Дэмбэрэл, Ч.Улаан, гишүүн Ч.Сайханбилэг, Г.Ганхүү, Д.Тэрбишдагва нар мэдээлэл хийлээ. УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, парламентад суудалтай нам, эвслүүд хамтарч Засгийн газар байгуулах шаардлага үүссэн тул ийнхүү хэлэлцээр хийснийг Х.Баттулга гишүүн хэллээ.
Хэлэлцээрийн үр дүн гарч дээрх гурван себъект хамтран Засгийн газар байгуулах шийдвэрт хүрч АН-ын ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга Тунхаг бичиг гаргаснаа танилцуулсан юм. Тунхаг бичигт “Үндсэн хуулийн хүрээнд улс орон, ард түмний язгуур эрх ашгийг дээдлэн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд тогтвортой хамтран ажиллахаар тохиролцож, хамтарсан Засгийн газар байгуулахаар шийдвэрлэснээ тунхаглаж байна. АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хамтарсан Засгийн газар нь үйл ажиллагаандаа АН-ын “Монгол хүн” хөтөлбөрийг үндэс болгон ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтуудыг тусган, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсрууллаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийг ард иргэддээ ил тодоор тогтмол мэдээлж, үр дүнтэй, идэвхтэй хамтран ажиллах болно гэж тунхаглаж байна” гэснийг Х.Баттулга гишүүн уншиж сонсголоо. Тунхаг бичигт АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга, С.Дэмбэрэл, Ч.Улаан нар гарын үсэг зурсныг мөн мэдэгдлээ.
Засгийн газрыг 75:25 гэсэн харьцаагаар байгуулах бөгөөд АН, ИЗНН 75 хувийг, “Шударга ёс” эвсэл 25 хувийг бүрдүүлэх ажээ. Мөн мөрийн хөтөлбөрт бие даагчид нэгдэх эрхийг нээлттэй үлдээж байгаа юм байна.
Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийж УИХ-ын даргыг сонгосны дараа Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг өргөн барих ажээ. Ингэснээр шинэ Засгийн газар хэдэн яамтай байх, сайд нарын хэдэн хувийг УИХ-аас, хэдийг гаднаас тавих зэрэг асуудал тодорхой болох аж. Хамтын ажиллагааны гэрээнд 2016 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн зарчмыг тусгасан тул хамтарсан Засгийн газар зам зууртаа тарж сарнихгүй гэдгийг Ч.Сайханбилэг гишүүн хэллээ. Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийн хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллана гэдгийг гол мөрдлөг болгох юм байна. Үйл ажиллагааны явцад цөөнх болсон намаа ялгаварлан гадуурхахгүй, сөрөг хүчинтэйгээ хамтран ажиллана гэж байлаа.
Үүний дараа Хамтарсан Засгийн газар байгуулах тунхагт ажлын хэсгийн дарга гишүүд гарын үсэг зурлаа. Ингэснээр маргааш УИХ-ын чуулганыг хуралдуулж Засгийн газар байгуулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн болж байна.
Д.ОЮУН
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш