Усны газрын Усны нөөцийн хэлтсээс гадаадын иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад хандаж зөвшөөрөлгүйгээр усны сан бүхий газарт усны эх үүсвэрийн эрэл хайгуулын ажил явуулахгүй байхыг анхаарууллаа.
Энэ оны тавдугаар сарын 17-нд шинэчлэн батлагдсан Байгаль орчны багц хуулийн Усны тухай хуульд гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр усны сан бүхий газарт ус, усан орчинтой холбоотой шинжилгээ судалгаа, усны эх үүсвэрийн эрэл хайгуулын ажил, усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил явуулахыг хориглох тухай заалт бий. Үүнийг үндэслэн гадаадын иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас зөвшөөрөл авч албан ёсны үйл ажиллагаагаа явуулахыг мэдэгдсэн байна.
Уг зөвшөөрлийг авахад төслийн гэрээ болон ТЭЗҮ, мөн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл гэх мэт төсөлтэй холбоотой бусад материалуудыг бүрдүүлэх шаардлагатай байдаг юм байна.
Г.Уран
Эх сурвалж: "Монцамэ"