“Ардын намынханд саналаа өгчихлөө, мөнгө нь тэгээд хаана байгаа юм бэ? Хоёрдугаар арван жилийн заалны цаад талд...” Энэ бол миний санамсаргүй сонссон яриа. Өвөрхангай аймгийн төвд, УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойргийн 95 дугаар хэсгийн хорооны гадна буюу тус аймгийн цорын ганц цэцэрлэг, сургуулийн цогцолборын гадаа, 2012 оны 6 сарын 28-ны өдрийн 14 цаг 25 минутын үед 2 эрэгтэй, нэг эмэгтэй гурван залуугийн хооронд болсон ярианаас дэвтэртээ товч хэлбэрээр буулган авсан өгүүлбэрүүд маань юм. Би тэр үед хэсгийн хороон дээр АН-ын ажиглагч хийж, сэтгүүл зүйн ажилдаа хэрэг болохуйц бодит ажиглалтуудыг хайж зогсох тэр мөчид ийм зүйл яах ийхийн зуургүй болоод өнгөрсөн хэрэг. Тэр дороо тус аймгийн АН-ын штабын хуульчдын багийн ахлагч Мөнхжаргалтай холбогдож энэ тухайгаа мэдээлсэн боловч ногоон, цагаан өнгийн хувцастай эдгээр залуусыг хоёрдугаар арван жил рүү явах замд нь улаан өнгийн машин тосон авч суулгаад, бөхийн өргөөний баруун талын замаар хурдлан одсон юм. Ийнхүү би араас нь авсан үл танигдах зурагтай, санамсаргүй сонссон яриагаа дэвтэртээ буулгасан тэмдэглэлтэй л үлдсэн билээ.
Миний бие сонгуулийн сурталчилгааны ихэнхи хугацаанд тус аймагт байж, АН-аас нэр дэвшигч Д.Зоригтын сурталчилгааны багт нь ажилласан юм. Ажиглагч хийх албан үүрэг надад байгаагүй ч, би өөрийн сониуч занд хөтлөгдөн ажиглагчаар бүртгүүлсэн байлаа. Ажиглагч хийгээд суухад, санал тоолох машины ойролцоо очоод зогсож байхад тухайн сонгогч аль намын нэр дэвшигчид саналаа өгсөн болохыг баримжаагаар тодорхойлж болохоор байсныг энд хэлэх нь зүйтэй болов уу. 95 дугаар хэсгийн хороон дээр саналаа өгч байсан өвөрхангайчуудын олонхи нь саналын хуудсаа дэлгэж харуулах шахам барьж, бараг л аль намд саналаа өгснөө харуулж байгаад машинд хийгээд байгаа дүр зургийг би анхандаа гайхан ажиглаж байлаа. Сонгуулийн хэсгийн хорооныхны эсрэг талын эгнээнд суусан ажиглагч нарын зүгт харвал, Ардын намын ажиглагчид тасралтгүй бичлэг хийж суугаа харагдана. Бусад намынхан хааяа нэг фото зургийн аппаратаар зураг авахаас хэтрэхгүй, дэвтэртээ тэмдэглэл хөтөлж, сонгуулийн хэсгийн хорооныхон, итгэмжлэгдсэн бүртгэгч нарын үйл ажиллагаанд хяналт тавьж, ээлжлэн орж гарч байх аж.
Сонгогчдын хувьд ихэвчлэн гэр бүлээрээ болон ганц нэгээрээ ирж, үе үе бөөнөөрөө орж ирэх үед нь оочер үүсч байлаа. Ийнхүү бөөнөөрөө орж ирсэн хүмүүс аль намд саналаа өгч байгааг баримжаалахаар, би дахин санал тоолох машины ойролцоо очиж зогслоо. Тэд команд авсан мэт МАН-ын нэр дэвшигчдэд саналаа өгч байгаа нь ажиглагдав. “Арай ч дээ, ийм баймааргүй юм” гэсэн бодол надад төрж, би энэ сэтгэгдлээ нүүрэн дээрээ ил харагдуулахгүйг хичээн зогсож байлаа. Ингээд хүмүүсийг ажиглаж эхлэв. Миний гайхшийг барсан тэдний ихэнхи нь үнэхээр ядуу зүдүү хүмүүс болох нь анзаарагдав. Дургуйцэхээсээ илүү өрөвдмөөр, жигшихээсээ илүү ойлгохыг хичээх хэрэгтэй хүмүүс аж. Харин бие даасан, хэнээс ч хараат бус болов уу гэмээр залуус, дунд болон ахмад насныхан ихэвчлэн АН-д, зарим нь бусад намуудад саналаа өгч байх нь ажиглагдлаа. Сонгуулийн санал хураалт явагдаж дуусахад санал тоолох автомат машины дүнг шууд хэвлэн гаргаж, хэн ямар санал авсан болох нь тодроод ирэв. Техникийн хөгжил гэдэг үнэхээр хөдөлмөр хөнгөвчилдөг аж. Сонгуулийн санал хураалтын дүн тэр дороо гараад ирэх нь үнэхээр таалагдлаа. Тэр ч байтугай санал огт тэмдэглээгүй болон буруу тэмдэглэсэн хүчингүй хуудас хэд байгаа нь хүртэл бичигдээд гараад ирэх юм. Ингээд санал тоолох 2 машины дүнг нэгтгэж, нам эвслийн нэр дэвшигч бүрийн хувьд тус бүр хоёр тоо нэмээд л эцсийн дүн хэсгийн хороон дээр гарч, бидэнд дүнг принтерлээд өгөх нь тэр. Нам, эвсэл бүрийн хүсэлтийн дагуу санал тоолох машины скайнердсан саналын хуудасны зургуудыг бүгдийг нь СД-нд хуулаад өгөв. Ингээд л хэн ямар санал авсан, принтерлэж гаргасан хуудас үнэн эсэхийг хянаж тоолсон ч болохоор мэдээлэлтэй болоод авах юм. Гайхалтай. Тооллогонд эргэлзэх зүйл алга. Харин сонгогчийн санал юу болж хувирав даа гэсэн бодол толгойд эргэлдсээр.
СОНГУУЛИЙН ДАРАА..
Өнөөдөр өвөрхангайчууд УИХ-д төлөөлөлгүй байна. Учир нь үнэмлэхүй ялалт байгуулсан гээд байгаа МАН-ын нэр дэвшигчид сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө, эд бараа тараасан нь хууль зөрчсөн үйлдэл болжээ гэсэн шүүхийн шийдвэр гарсан байна. Ийм ч учраас тэдний нэр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн баригдаагүй. Энэ бүхнийг нэг тийш нь шийдэх үүрэгтэй хүмүүс бол УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойргийн хороо. Гэвч тэд өнөөг болтол энэ асуудлыг авч хэлэлцэхээс зайлсхийж ирлээ. Энэ хугацаанд МАН-ын нэр дэвшигчдийн мөнгө, эд бараа тараасан үйлдлийн тухай мэдээлэл өгсөн, хэвлэлд ярьсан Өвөрхангайн иргэдийг дарамталж, хавчин гадуурхаж байна гэсэн сураг дуулдах болжээ. Үзэж харснаа үнэн бодитоор нь мэдээлэх эрхгүй дарангуйллын нөхцөл байдал Өвөрхангайд бий болжээ хэмээн ойлгогдохуйц мэдээллүүд ар араасаа чих дэлссээр л байна.
Хэдхэн хоногийн өмнө аймгийн засаг дарга нь өөрөө нийслэлд ирж, хэвлэлийн бага хурал хийлгэж, АН-ын хоёр нэр дэвшигчийн тухай буруу ташаа мэдээллийг түгээж байгаа харагдах юм..? Миний анзаарснаар тус аймагт намаар ялгаварлах, намчирхах хандлага газар авч, МАН-ын гишүүн л биш бол хүн биш гэсэн статуст дэндүү ойртож очсон нөхцөл байдал үүсчээ. Аймгийн хэмжээнд ядуурал ихтэй, ажлын байр нэмэгдсэн хэдий ч хүн амын өсөлтийн хурдаа гүйцдэггүй, залуус нь хөдөө орон нутгаасаа дайжиж хот бараадах сонирхолтой болсон гээд тэр сайхан газар нутаг, цэцэглэн хөгжиж буй аймаг нь эзгүйрэх вий дээ гэсэн болгоомжлол төрж байсан.
Өвөрхангай аймгийн төв миний анх очиж байсан 2007 он, дараахан нь очсон 2009 онтой харьцуулшгүй хурдацтай хөгжсөн байлаа. Зам харилцаа, барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажлууд үнэхээр сайн хийгдсэн учир аймгийн төвийг хотын хэмжээнд харагдуулах нь бахархмаар. Гэвч нутгийн зарим залуустай ярилцаж үзэхэд, сургуулиа төгсөөд хотод л үлдэнэ дээ гэх нь харамсалтай сонсогдож байв. Аймгийнх нь хаа сайгүй хэт намчирхсан уур амьсгал ноёлж, МАН-д элсэхгүй л бол ажлын байргүй үлдэнэ гэх айдас улам нэмэгдсээр байгаа нь Өвөрхангайн залуусыг нутаг орноосоо дайжихад хүргээд байна уу гэж бодогдож байсныг нуух юун.
Сонгуулийн сурталчилгааны үед ухуулагч нартай уулзахад, Арвайхээрийн нэгэн багийн засаг дарга “Газар өгнө, гэр өгнө” гэж хүмүүсийн өргөдлийг аваад МАН-ын сурталчилгааг хийгээд яваад байна гэсэн гомдол яригдаж байсан юм. Тэр үед АН-аас нэр дэвшигч Д.Зоригт, Г.Батхүү нар өмнөх дөрвөн жилд хийсэн УИХ-ын гишүүний ажлаа тайлагнаж, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг сонгогчдод ойлгуулахын тулд тусгайлан илтгэл бэлтгэж, ихээхэн ач холбогдол өгч байсансан. Гэтэл энэ бүхэн огт хэрэггүй байсан гэж үү? Сонгогчид юу ч сонирхохгүй, ойлгохгүй, тараасан материалыг нь уншихаа больчихсон юм бол ийм зүйлд мөнгөө зарцуулах, зарцуулах тухай хууль батлах нь хэр оновчтой вэ. Ер нь хуулийн хүрээнд хуулиа хэрэгжүүлэн ажиллах нь тийм буруу зүйл гэж үү гэсэн эцэс төгсгөлгүй асуултууд хөвөрсөөр..
СОНГОГЧИЙН ЭРХ БА АЖИГЛАГЧ
УИХ-ын Сонгуулийн тухай шинэ хуулинд ажиглагчийн эрхийг илүү нээлттэй тусгаж, мэдээлэл цуглуулах, баримтжуулах төхөөрөмжөөр “Шүдээ хүртэл зэвсэглэх” боломжийг нь олгосон. Гэвч энэ бүхэн сонгогчийн эрхэнд хэрхэн нөлөөлж байна вэ?
Сонгуулийн дараа сонсож байхнээ, Өвөрхангайн иргэдийг МАН-ын багийн дарга нь “айлгасан” сурагтай. “Тэр автомат машин гэдэг чинь хэн гэдэг сонгогч, хэнд ямар санал өгч байгааг бүгдийг нь бичээд авчихдаг юм. Тэгээд ч манай хүмүүс та нарын ямар санал өгч байгааг хараад, бичлэг хийгээд сууж байгаа. Бид бүгдийг нь шалгачихна. Газартай, ажилтай байж, гэртэй болъё гэж бодож байгаа бол МАН-ын нэр дэвшигчид болон намд нь саналаа өг..” гэхчлэн янз бүрээр ухуулж, нарийн учрыг нь мэдэхгүй иргэдийн сонгох эрхэнд халдсан юм байна. Тийм ч учраас миний ажигласан сонгогчид аль намд санал өгснөө харуулаад, дараа нь машинд хийгээд байгаа нь анзаарагдсан аж. Тийм ч учраас МАН-ын ажиглагчид саналаа өгч байгаа сонгогчдыг тасралтгүй дүрс бичлэгээр авч баримтжуулж байсан юм байна.
Сонгуулийн санал хураалтын үйл явцыг ажиглах эрхтэй ажиглагч нь баримтжуулах хэрэгслээ ашиглахдаа сонгогчийн эрхэнд халдахгүй байх нөхцлийг бий болгох боломж байсан уу? Мэдээж, хамгийн түрүүнд сонгогчийн боловсролыг дээшлүүлэх, мэдээллээр хангах ажлыг эрчимтэй явуулах нь үр дүнгээ өгөх байсан. Улаанбаатарт энэ ажил хангалттай сайн хийгдэж, айл бүрийн үүдэнд СЕХ-ны тараах материалыг скочоор бэхлэн тогтоосон байхыг нь би нүдээр харж байлаа. Гэтэл орон нутагт сонгогчийн боловсролд чиглэсэн мэдээлэл түгээх сонирхол нь ч байсангүй юу даа.
Сонгогчийн хувьд хараат бусаар саналаа өгөх боломж байсаар байтал, санал тоолох машинд уншиж буй хуудас нь хэн хэрхэн саналаа өгснийг давхар уншдаг хэмээн ташаа ойлгуулсан нь саналын дүнд ийнхүү нөлөөлжээ гэж ойлгож болохоор байна. Гэтэл үнэн хэрэг дээрээ итгэмжлэгдсэн бүртгэгч дээр бүртгүүлж, саналын хуудсаа авахад л хувийн мэдээлэл хэрэгтэйгээс бус, саналын хуудсан дээр хувь хүний мэдээлэл байхгүй, тэр ч байтугай номер дугаар байхгүй нэгэн ижил форматтай гэдгийг хэлээд өгөх хүн байгаагүй бололтой.
Ингэхэд сонгогч гэж хэн юм бэ? Мөнгө, эд бараа өгөхөөр л саналаа өгчихдөг төлбөрийн хэрэгсэл, автомат машин юм уу? Аль эсвэл хараат бусаар чөлөөт сонголтоо хийх эрхтэй иргэн хүн үү? Иргэн хүний сонголтод хэн, юу, хэрхэн, яаж нөлөөлдөг юм бол? Өнөөдрийн миний өгсөн нэг санал энэ амьдралд маань, нийгэмд маань ямар ач тустай вэ? Энэ тухай бодож үзэхэд тэгтлээ оройтоогүй байна.
Ц.ОЮУНЧИМЭГ
2012 оны 5 сарын 30-наас 7 дугаар сарын 19, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хот