logo
Обама амь үрэгдэгсдийн гэр бүлтэй уулзав

Обама амь үрэгдэгсдийн гэр бүлтэй уулзав

2012/07/23
Дүүрэн үзэгчтэй байсан кинотеатрт зэвсэглэсэн гэмт этгээд гал нээсэн хэрэг гарсан Колорадо муж улсын Аурора хотод АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама очиж, амь үрэгдэгсэд болон шархдагсдын ар гэрийнхэнтэй уулзав.
Обама уламжлал ёсоор бямба гарагт ард түмэндээ үг хэлэхдээ, "холбооны улсын Засгийн газар гэм буруутай этгээдийг хариуцлагад татахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ" хэмээн амлажээ. "Нийт ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд бололцоотой бүх алхмыг бид хийнэ" гэж Цагаан ордны тэргүүн батлан хэлэв.
Тэрбээр Колорадод нэг сарын хугацаанд хоёр дахь удаагаа очлоо. Үүнээс өмнө ойн хүчтэй гал түймэртэй тэмцэх талаар гаргаж буй хүчин чармайлтыг шалгахаар зургадугаар сарын 29-нд тус муж улсад очсон байна.


    Албан ёсны мэдээнээс үзвэл, баасан гарагт шилжих шөнө сэжигтэн 24 настай Жеймс Холмс Аурора хотын кинотеатрт винтов, үрлэн сумтай, хоёр гар буу, нулимс асгаруулагч хийтэй гранаттай оржээ. Түүний халдлагын улмаас 12 хүн, тэдний дотор зургаан настай охины амь үрэгдэж, 60 орчим хүн шархадсан байна.
    Холмсыг нэг хүний камерт хорьсон байгаа бөгөөд удахгүй түүнд ял шийтгэх аж. Хүний амь хөнөөснөөс гадна зэвсэг бэлтгэсэн хэргээр ял шийтгүүлнэ. Учир нь түүний гэр гар хийцийн тэсрэх төхөөрөг болон шатах төхөөргүүдээр дүүрсэн байжээ. Гэрт нь тавьсан минаг аюулгүй болгоход нэлээд хэдэн цаг зарцуулсан байна.
    Залуу Холмс гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг цагдаа нар тогтоож хараахан чадаагүй байгаа аж. Түүнийг таньж мэдэх хүмүүс нь хүмүүжилтэй, хичээлдээ шамдан суралцагч, нүүрийн баясгалантай нэгэн гэжээ. Нэг жилийн өмнө тэрбээр Денверийн Колорадогийн их сургуулийг төгсөөд эрдмийн зэрэг хамгаалахаар ажиллаж эхэлсэн боловч учир битүүлэг шалтгаанаар сурахаа больсон байна.


    Аурорад болсон эмгэнэлт хэрэг галт зэвсэгт тавих хяналт хангалтгүй байгааг АНУ-ын оршин суугчдад дахин санууллаа. Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг Колорадод гарсан шиг хэрэг дахин гаргуулахгүйн тулд зохих арга хэмжээг чангатгахыг Барак Обама болон ирэх 11 дүгээр сард болох сонгуульд түүнтэй өрсөлдөх хүнд уриалсан байна.


З.Амгалан
Эх сурвалж: Монцамэ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш