logo
Пранаб Мукхержи Энэтхэгийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Пранаб Мукхержи Энэтхэгийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

2012/07/24
Сангийн сайдаар ажиллаж байсан Пранаб Мукхержи Энэтхэгийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Эрх баригч Үндэсний Конгресс намын хашир туршлагатай улс төрч Мукхержиг парламентын гишүүд сонгосон байна.
Энэтхэгт ерөнхийлөгчийн албан тушаал бэлгэ тэмдэг төдийд тооцогддог. Гэхдээ 2014 оны сонгуульд аль нэг улс төрийн хүчин давуу ялалт байгуулахгүй тохиолдолд ерөнхийлөгч дараагийн засгийн газрын тэргүүнийг сонгох үйл явцад оролцох эрхтэй юм байна.
Мукхержигийн бүрэн эрхийн хугацаа нь таван жил байх ажээ. Энэтхэгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Пратибха Патил ийнхүү түүнд албан тушаалаа хүлээлгэж өгөхөөр болоод байна.
Мукхержи парламентын доод танхимын спикер асан Пурно Сангмаг ялжээ.
Ажиглагчдын хэлж байгаагаар 2014 оны сонгуульд аль нэг улс төрийн хүчин давуу ялалт байгуулахгүй байж мэдэх бөгөөд энэ тохиолдолд ерөнхийлөгч шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж болно.
Авилгын хэргүүд болон эдийн засгийн өсөлт удааширсан зэргээс болж шахалтанд ороод байсан Үндэсний Конгресс намын хувьд Мукхержигийн ялалт томоохон давуу болж байгаа юм.
Мукхержи карьерынхаа хугацаанд гадаад явдал, дотоод хэргийн яам болон батлан хамгаалах, худалдааны яамны сайдаар ажиллаж байжээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш