logo
Хүүхдүүд Азийн наадамд оролцохоор мордлоо

Хүүхдүүд Азийн наадамд оролцохоор мордлоо

2012/07/25
Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 18 нас хүртэлх насны хөвгүүдийн тэмцээн маргааш эхэлнэ.  Зургаа дахь удаагийн энэ тэмцээн Бээжингийн Цинхуа их сургуулийн салбар дунд сургуулийн спорт зааланд болох бөгөөд тэмцээнийг БНХАУ-ын Боловсролын яам, Азийн хүүхдийн спортын холбоо /АХСХ/, БНХАУ-ын Хүүхдийн спортын холбоод хамтран зохион байгуулж байна. Монгол Улсын баг тамирчид уг тэмцээнд анх удаагаа оролцож байгаа бөгөөд багийн ахлагчаар Монгол Улсын Хүүхдийн спортын холбооны ерөнхийлөгч, Биеийн тамир, спортын дунд сургуулийн захирал, доктор Ч.Зоригтбаатар, ахлах дасгалжуулагчаар тус сургуулийн сагсан бөмбөгийн багш, спортын мастер Б.Дамба, дасгалжуулагчаар “ТиЭлЖи” ТББ-ийн тэргүүн С.Тулга нар явав. 
Багийн бүрэлдэхүүнд БТСДуС-ийн О.Дөлгөөн, Б.Билгүүн, Э.Төрбат, Г.Ариун-Оргил, Э.Өлзийбаяр, 44 дүгээр сургуулийн сурагч Б.Сүвээдэй, “Шинэ Монгол” ахлах сургуулийн сурагч Н.Ханбаяр, ШУТИС-ийн оюутан Э.Энхтөгс, Л.Мөнхнасан, Д.Хаш-Эрдэнэ, Дотоод хэргийн их сургуулийн оюутан М.Төмөр нар багтжээ.
Хөвгүүдийн сагсан бөмбөгийн Азийн энэхүү тэмцээнд Иран, Таиланд, Энэтхэг, Шри Ланка, Макао, Малайз, Монгол, Хонконг, БНХАУ зэрэг 10 гаруй орны шигшээ баг өрсөлдөнө. Тэмцээний үеэр АХСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал, тус холбооны 20 жилийн ойн баярын үйл ажиллагаа явагдах бөгөөд 2013 онд тус холбооноос зохион байгуулах арга хэмжээний эрх, Монгол Улс АХСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал, уулын кросс гүйлтийн хоёрдугаар тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө. Дашрамд дурдахад, Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тав дахь удаагийн тэмцээн 2009 онд Макаод амжилттай зохион байгуулагдаж найман улс оролцсоноос БНХАУ, Таиланд, Макаогийн баг тамирчид тэргүүн байруудад шалгарч байжээ.
Д.Догсмаа
МОНЦАМЭ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш