logo
Польшийн оюутны холбооны төлөөлөгчид ирлээ

Польшийн оюутны холбооны төлөөлөгчид ирлээ

2012/07/25
Монголын оюутны спортын холбооны урилгаар Польш улсын оюутны спортын холбооны төлөөлөгчид энэ сарын 24-28-ны өдөр манай улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ.
Төлөөлөгчдийн тэргүүнээр Польш улсын Вроцлав хотын дарга Рафал Дуткевич ирж байгаа бол бүрэлдэхүүнд нь Олон улсын оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн Мариан Дималски, Вроцлавын хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Чеслав Адамски, Аялал жуулчлалын агентлагийн дарга Хенрек Крусзински, хотын даргын спортын зөвлөх Збигниев Корзениовски, Польшийн оюутны спортын холбоо, “Klub Srodowiskowy” Akademicki Zwiazek Sportowy-ийн удирдах зөвлөлийн гишүүд Илиас Филипидис, Х.Станислав нар багтжээ.
Төлөөлөгчид нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарзоригт болон хотын цагдаа, аялал жуулчлал, хот төлөвлөлт, спортын газрын дарга нартай өөрсдийн ажлын чиглэлээр уулзалт хийх юм. Түүнчлэн Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалантай хамтран ажиллах гэрээ байгуулж, хоёр орны оюутны спортын байгууллагынхан харилцан туршлага солилцох, их дээд сургуулийн спортын үйл ажиллагаатай танилцана. Мөн төлөөлөгчид хөдөө орон нутагт аялах хөтөлбөртэй юм. Польшийн төлөөлөгчид 2009 оны 5 сард Монголын оюутны спортын холбооны шугамаар ажлын анхны айлчлалаа хийж байсан юм байна.
Д.Догсмаа
МОНЦАМЭ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш