logo
Туркийн элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Туркийн элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2012/07/25
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мустафа Сарныч өнөөдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.  Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан элчин сайдыг хүлээн авч уулзан баяр хүргэж, хоёр орны харилцаа эртний түүхтэйг дурдан сүүлийн жилүүдэд бүх талаар өргөжиж байгааг тэмдэглэлээ. Туркийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай Ерөнхийлөгч хэд хэдэн удаа уулзаж байснаа дурсан “2010 онд Истанбулд болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /CICA/-ын дээд хэмжээний уулзалтын үеэр миний бие БНТУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Абдүлла Гүлтэй танилцаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч А.Гүлийг миний урилгын дагуу Монгол Улсад айлчлахыг бид хүлээж байна” гэв. 
Манай хоёр орон НҮБ, НАТО, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-д оролцогч орноор элсэх хүсэлтийг Турк Улсын Засгийн газар дэмжсэн. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийг даргалж байгаа энэ үед тус байгууллагын хүрээнд хоёр улс хамтран ажиллах бүрэн боломжтой юм.
Хоёр тал Орхоны хөндийн Түрэгийн үеийн хөшөө дурсгалд археологийн малталт, судалгаа хийсэн бөгөөд манай улс уг дурсгалыг 2004 онд Дэлхийн өвийн санд бүртгүүлсэн. Одоо түүнийг түшиглэн “Дэлхийн өвийн мүзей” байгуулж, дэлхий нийтийн аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэхээр хамтран ажиллаж байна.
Туркийн “Turkish airlines” компани Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлд энэ 7 дугаар сараас эхлэн онгоцны шууд нислэг нээсэн нь хоёр орны хооронд зорчих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд төдийгүй хоёр улсын харилцааг өргөтгөхөд ихээхэн ач холбогдолтой боллоо. Эхний нислэгүүд суудал дүүрэн байгаа тухай сонссон. Ер нь эдийн засгийн салбарт уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах боломж байна хэмээн Ерөнхийлөгч хэллээ.
Эцэст нь Ерөнхийлөгч элчин сайдад амжилт хүсч, Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Хоёр орон соёл, түүхийн хосгүй харилцаатай бөгөөд одоо Туркт монголын 1000 гаруй оюутан сурч байна хэмээн Элчин сайд дурдаад эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд анхаарахаа мэдэгдлээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш