logo
Шинээр барих төмөр замын талаар зөвлөлдлөө

Шинээр барих төмөр замын талаар зөвлөлдлөө

2012/07/25
“Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замын төсөл болон “Баруун босоо тэнхлэг”-ийн шинээр барих төмөр замын ажлын даалгавар боловсруулах зөвлөгөөн Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд боллоо. Дэлхийн банкны “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хоёр болон гуравдугаар үе шатанд дээрх төмөр замууд баригдах юм. Монгол Улсын Их Хурлын 2010 оны зургадугаар сарын 24-нд уг бодлогын баримт бичгийг баталсан. 
Бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны дэргэдэх “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр хоёр үе шаттайгаар баригдах төмөр замуудын урьдчилсан ТЭЗҮ-ийн ажлын даалгаврыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төмөр замын газар, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыгдэмжих төсөл, Сангийн яам, ЗТБХБЯ, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Ашигт малтмалын газар, ШУТИС-ийн уул уурхайн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ боловсруулах төслийг танилцуулах, баруун чиглэлийн төмөр замыг ирээдүйд ашиглах ордууд болон байгалийн тогтоц, бүс нутгийн хөгжлийн бодлого, хүн амын суурьшилтай нь уялдуулах талаар зөвлөгөөний үеэр ярилаа. Түүнчлэн төмөр замын суурь бүтцийг өргөжүүлэх, шинээр барих чиглэл болон уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулж экспортод гаргах асуудлыг харилцан уялдаатай шийдвэрлэх нь зүй юм гэдгийг ч зөвлөгөөнд оролцогчид дурьдаж байлаа. Үүнээс гадна шинэ төмөр замыг барьж байгуулахад тухайн нутаг дэвсгэр дэх хүн амын нийгмийн болон дэд бүтцийн асуудал, мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг ихээхэн нарийвчлан гаргах шаардлагатайг ч онцолж байсан юм.
Зөвлөгөөний үеэр төмөр замын суурь бүтцийг шинээр барих сонирхол бүхий иргэн, аж ахуйн нэгжүүд, төслийг санхүүжүүлэх сонирхолтой хөрөнгө оруулагч санхүүгийн байгууллагуудыг нээлттэйгээр урьж байгааг зарлалаа. Энэ нь дээрх төслүүдэд Монгол Улсын төрөөс төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төмөр замын салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татан оролцуулахыг бодлогоор дэмжиж байгаа нэг хэлбэр гэнэ.

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Энхбаатараас шинээр барих төмөр замын судалгааны ажлын талаар тодрууллаа.
-Шинээр баригдахаар төлөвлөгдөж буй төмөр замын эдийн засагт оруулах шууд үр дүн нь мэдээж асар их байх нь тодорхой?
-Мэдээж төмөр зам баригдсанаар ашигт малтмал экпортлох хэмжээ нь нэмэгдэнэ. Хэмжээ нь нэмэгдсэнээр Монгол Улсад орж ирэх экспортын татвар нь ч бас нэмэгдэнэ. Мөн түүнчлэн ажиллах боловсон хүчний тоо олноор нэмэгдэх гэх мэтээр эдийн засаг, нийгмийн маш олон талын үр өгөөж бий. Одоогоор Баруун босоо тэнхлэгт хэдий хэрийн даацтай, ямар төмөр замыг хэрхэн яаж барих вэ гэдгийг судлах судалгааны ажлаа эхлээд явж байна. Нэгэнтээ өргөн төмөр замаар барина гэсэн төрийн бодлого байгаа учраас үүнд үндэслэн хамгийн бага өртгөөр ашигт малтмалаа тээвэрлэх зорилгоор энэ ажлыг эхлүүлсэн.
Баруун босоо тэнхлэгт томоохон олон ашигт малтмалын ордууд бий. Мөн нурмал ачаа гэгддэг төмрийн хүдэр, нүүрс зэрэг энэ төмөр замаар тээвэрлэгдэх бүтээгдэхүүний нөөц асар их. Үүнийг авто тээврээр биш, төмөр замаар, тодорхой маршруттайгаар экспортод гаргах юм бол эдийн засгийн үр ашиг нь маш өндөр болно.
-Төмөр зам барих ажлын ТЭЗҮ-ийг хараахан боловсруулаагүй байгаа ч гэсэн урьдчилсан багцаагаар хэдий хэрийн урттай төмөр замыг хэдий хэр өртгөөр барих төсөөлөл байгаа вэ? Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг энэ төсөлд хөрөнгийн ямар харьцаатайгаар оролцуулах бол?
-Энэ төслүүдийн хүрээнд нийтдээ 2000 гаруй километр төмөр зам баригдах урьдчилсан багцаа байна. Дохиолол, автоматжилт, цахилгаанжилт хийгдээгүй нэг километр төмөр зам 1-1.2 сая ам.долларын зардлаар баригддаг дэлхийн жишиг байдаг. Бүх төмөр зам, дэд бүтцийн төслийг концесийн хуулийн дагуу явуулдаг. Одоо бид дөнгөж судалгааны ажлаа эхлүүлээд ТЭЗҮ-гээ боловсруулах эхний үе шатандаа явж байна. ТЭЗҮ бүрэн боловсруулсны дараа тухайн компани хэдий хэмжээний хөрөнгө оруулж, тэрхүү хөрөнгөө хэдий хугацаанд нөхөх вэ гэдэг нь тодорхой болно. Үүн дээр үндэслэн концесийн хуулийн дагуу Засгийн газраас хөрөнгө оруулагч компаниудтай хувь хэмжээгээ тохирох асуудал яригдана.
Г.Уран 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш