logo
Шинэ дэд сайдуудын нэрс дуулдаж эхэллээ

Шинэ дэд сайдуудын нэрс дуулдаж эхэллээ

2012/07/25

Өчигдөр дөрвөн өдөр Ардын намыг хүлээсэн Ардчилсан нам тэргүүтэй УИХ-д суудалтай улс төрийн нам, эвсэл, бие даагчид анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлж, УИХ-ын даргыг сонгон, албан тушаалыг нь баталгаажуулсан. Ингэснээр УИХ үйл ажиллагаагаа хэвийн явуулж, Засгийн газраа шуурхай байгуулах эрх зүйн үндэс тавигдаж буй. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногт багтаж Засгийн газрын бүтэц, тэдгээрийг толгойлох сайд дарга нар тодорхой болж таарах нь. Ерөнхий сайдын тухайд УИХ-ын сонгуульд ялсан буюу олон суудлыг авсан намын дарга очдог зарчим бий. Энэ зарчмаар АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн газрыг толгойлох нь тодорхой. Өчигдөр сонгосончлон УИХ-ын даргаар З.Энхболд гишүүн сонгогдсон. Тэгвэл УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болох магадлал тун өндөр байгаа аж. Гэсэн ч “Шударга ёс” эвсэл АН-тай хамтарч байгаагийн хувьд дэд даргын албыг өөртөө авна гэж байгаа гэх тул С.Эрдэнэ дэд дарга болох эсэх нь эргэлзээ төрүүлж байна.

Яамдын хувьд энэ удаагийн Засгийн газар хэд хэдэн яамыг шинээр байгуулж, үүрэг, чиглэлийг нь илүү тодорхой болгож буй. Харин яамдын сайдуудын хувьд өмнө нь ярьж байсан томилгоо явагдах нь ойлгомжтой болжээ. Тиймээс дэд сайд хэмээх яам дагасан “бялуу хуваалт” ямар байх нь олны анхаарлыг татаж байна. Засаг байгуулахаар зэхэж буй эрхмүүд хэнийг, хаана дэд сайдаар томилох талаар парламентын ордонд дараах таамаг явж байна. Тухайлбал, Барилга хот байгуулалтын дэд сайдад “Жийп сервес” ХХК-ийн захирал Д.Мөнх-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүн гэгддэг Байгалмаа гэх бүсгүйн нэр явж байна. Боловсролын дэдэд “Залуу удирдагч” сангийн тэргүүн Б.Отгонбатыг хэмээн ярьж байна. Тэрээр 2008 оны УИХ-ын сонгуульд Дорнод аймагт өрсөлдөөд ялагдсан түүхтэй нэгэн. Мөн Хууль зүйн дэд сайдад АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаярыг зүтгүүлнэ гэсэн яриа байна. Тэгвэл Сангийн дэд сайдад санаанд оромгүй хүний нэр цохиж яваа нь О.Магнай. Тэмцэгч Магнайг төсөвч болно гэхээр олон хүний санаанд төдийлөн багтахгүй байгаа сурагтай.

Харин шинэ тутамд байгуулагдах Түлш, эрчим хүчний сайдад Б.Ариунсан, Үйлдвэржилт, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдаар Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Оюунцэцэг гэх эмэгтэйг томилохоор яриг­даж байгаа сурагтай. Мөн Нийгмийн хамгаалал, хүн амын бодлогын дэд сайдад Орхон аймагт УИХ-ын сонгуулиар өрсөлдөөд ялагдсан ХХААХҮ-ийн дэд сайдаар ажиллаж буй Х.Золжаргал болон Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга Батын Батбаатар нарыг дэвшинэ гэсэн сураг яваа гэнэ.

Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн агентлаг энэ засгийн үеэс эхлэн яамны статустайгаар үйл ажиллагаа явуулахаар болж байгаа аж. Тиймээс тус яамны дэд сайдад агентлаг байх үеийн дэд дарга, Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг гэсэн сураг байна. Түүнийг шууд сайд болчихож ч магадгүй гэж үзэж байгаа бололтой. Уул уурхай, эрдэс баялагийн дэд сайдаар УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэбүрэн, Гадаад харилцааны дэд сайдад Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Батцэцэг болон “Хараа сүмбэр” ХХК-ийн захирал, өнгөрөгч УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт өрсөлдөөд ялагдал хүлээсэн Д.Мөнхтуяа нарын нэрийг дэвшүүлэхээр ярилцаж байгаа гэнэ. Тус яамны сайдад УИХ-ын гишүүн  Л.Болд очих нь тодорхой тул дэд сайдад Л.Болдын гэх тодотголтой гуравдагч хүн дэвших магадлал өндөр байгаа аж. Гэхдээ Ардчилсан намын бүлэг, фракцууд дотроо тэмцэл, өрсөлдөөн ихтэй байгаа учраас дээрх нэрс өөрч­лөгдөх магадлал бас бий. Яадаг ч байсан шаргал ордноос сайдын сэтэр зүүхээр горилогчдын нэрсийг тандахад ийм байгаа ажээ. Улсын баяр, УИХ-ын таамгийг урьдчилан харахад хэцүү болсон энэ үед дэд сайдуудын талаарх ийм нэг таамаг байна. Үнэн, худал нь удахгүй тодрох биз ээ.

Н.БИЛГҮҮН

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш