Хэвлэлийн магнат Руперт Мердок "News Corporation" дахь бүх албан тушаалаасаа огцрох өргөдөл өгчээ. Тэргүүлэх баячуудын нэг, 81 настай тэрбумтан тус байгууллагын нэг салбар болох "News International" компанийн захирал болон бусад албан тушаалыг давхар хашдаг байна. Түүний огцрох болсон гол шалтгаан нь "News Corporation" байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх болсноос үүдэлтэй юм байна. Төлөвлөгөө ёсоор "News Corporation"-ийг нь хоёр хэсэг болгон хуваах гэнэ. Нэг хэсэг нь сонин, ном хэвлэх ажлыг дагнан хариуцахаар болсон бол өөр нэг хэсэг нь бусад ажлыг нь гүйцэтгэх гэнэ. Харин Р.Мердок телевиздээ үргэлжлүүлэн ажиллахаар болжээ. Тэрбумтаны удирдаж байсан "News International" корпорац нь бүрэлдэхүүндээ Их Британидаа нэр хүнд бүхий "Тimes", "Sun", "Sunday Times" зэрэг сонины редакцийг өөртөө багтаадаг байна. Австрали гаралтай, Америкийн иргэн Р.Мердок саяхнаас хэвлэлийн бай болох болсон билээ. "News Corporation"-ийг үндэслэгч, удирдагч, тус байгууллагын гүйцэтгэх захирал тэрбээр хэвлэлийнхний анхааралд хэзээ хэзээнээс илүү өртөх болсон. Учир нь хэвлэлийн магнатын Их Британид хамгийн их хувиар хэвлэгддэг ням гаригийн "News of the World" хэмээх шар сониныхон алдартнуудын утасны яриаг чагнадаг байсан нь ил болсон юм. Тиймээс тус сонинг хаасан юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур Р.Мердокийн хүү Жеймс Мердок "News International" компанийн захирлын албан тушаалаас огцрохоо мэдэгдсэн удаатай. Учир нь тэрбээр корпорацийнхаа телевизийн салбарыг хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэхээр ийм алхам хийснээ мэдэгдэж байв.