logo
МАН-ынхан төрийн ажлыг хойш тавин байж, хоёр өдрийн турш хуралдлаа

МАН-ынхан төрийн ажлыг хойш тавин байж, хоёр өдрийн турш хуралдлаа

2012/07/26
МАН-ын бага хурал хоёр өдрийн турш хаалттай үргэлжилсний эцэст хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Эхний өдрийн хурал шөнө дөл хүртэл үргэлжилсний эцэст бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг намын даргаар сонгосон. Харин өчигдөр үргэлжлэн хуралдсан хуралдаанаас намын генсекийг сонголоо. МАН-ын ЕНБД-ын төлөө Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар болон УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нар өрсөлдсөн. Эхний шатны нууц санал хураалтаар Ж.Сүхбаатар 25.5 буюу хамгийн бага санал авснаар өрсөлдөөнөөс хасагдсан юм. Харин хоёр дахь шатны нууц санал хураалтаар Г.Занданшатар болон Д.Цогтбаатар нар өрсөлдөж, 115 хүний саналаар Г.Занданшатар Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо.
Дугаар шилжих мөчид нарийн бичгийн дарга нарыг сонгох нууц санал хураалт явагдаж байна гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. МАН-ын бага хурлаас чухам ямар шийдвэр гарах нь олон нийтийн анхаарлын төвд байсан. Гэсэн хэдий ч тус намынхан энэ удаад хоёр өдрийн турш хаалттайгаар хуралдлаа. Ерөнхийдөө энэ удаагийн бага хурлаас МАН-ын гишүүд маш том шинэчлэл, улс төрийн соёлыг хайж байсан гэхэд болно. Нөгөөтэйгүүр намын удирдлагууд болон ЕНБД, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг огцруулна гэх мэдээлэл байсан. Эхний өдрийн хурал эхлэхэд намын дарга С.Батболд хариуцлагаа хүлээж, улс төрийн соёлтой байх эхлэлийг тавьж байгаагаа мэдэгдэж, сайн дураар албаа өгөх болсноо мэдэгдсэн. Түүнчлэн бага хурлын хуралдааны өмнөх өдөр удирдах зөвлөл хуралдаж, бүгд сайн дураар огцрох нь зүйтэй гэдэг шийдлийг гаргасан нь хоёр өдрийн хуралдааны уур амьсгалыг зөөлрүүлсэн гэх мэдээлэл байгаа. Гэхдээ яг хуралдааны үеэр бол удирдлагуудад шууд хариуцлага тооцох нь зөв үү, буруу юу гэх асуудал хөндөгдсөн байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуулийн дараа ямар үр дүн гарахаас хамаарч хариуцлага тооцох, эсэх асуудлыг ярих нь зүйтэй гэх байр суурьтай гишүүд ч байсан. Түүнчлэн орон нутгийн сонгуульд ч бас ялагдал хүлээвэл яах вэ гэх болгоомжлол ч гишүүдийн дунд байсан гэдгийг ойрын эх сурвалжууд мэдээлсэн.
Юутай ч МАН-ынхан хоёр өдрийн турш төрийн ажлыг хойш тавин байж, Бага хурлаа хийж, дарга нартаа хариуцлага тооцлоо. Гэхдээ тэглээ гээд МАН үнэхээр шинэчлэгдэж чадах уу гэдэг асуудал ч байсаар байна. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан удирдлагууддаа хариуцлага тооцсон ч гэсэн дараа дараагийн сонгуульд ялагдахгүй гэх баталгаа байна уу гэх асуулт гарч ирж байгаа. Түүнчлэн энэ удаагийн намын дарга болон ЕНБД-ын хариуцлага нь ердөө л ёс төдий, хариуцлага тооцсон болж харагдах гэсэн оролдлого гэж шүүмжлэх улстөрчид ч байгаа билээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш