logo
Р.Содхүү хууль бус үйлдэлд акт тавьсан байцаагчийн эрхийг цуцал гэж дарамталжээ

Р.Содхүү хууль бус үйлдэлд акт тавьсан байцаагчийн эрхийг цуцал гэж дарамталжээ

2011/06/30
МХЕГ-ын дарга Р.Содхүү “Петро чайна дачин тамсаг”-ийн хууль бус үйлдэлд акт тавьсан байцаагчийн эрхийг цуцал гэж дарамталжээ.
Хятадуудад Монголын хууль хэзээ ч үйлчилдэггүй. Гэхдээ хуулиа гууль болгосон хүмүүс бол Монголын эрх мэдэлтнүүд, мөн дунд шатны “хурган дарга” нар. Тэд л ил, далд байдлаар хятадуудтай сүлбэлдэж, эцэст нь амаа үдүүлээд толгой дээрээ гаргасан гээд хэлчихвэл буруудахгүй байх. Гадаадын “цагаачдад” хөл алдан гүйдэг манай дарга нар “Алтандорнод Монгол”-ын С.В.Паушокт хамаг алтаа зүгээр өгч явуулаад өөрсдөө хөрс нь эргэсэн шороотой үлдсэж байсан бол одоо Хятадын “Петро чайна дачин тамсаг”-т байдгаа барьж байна. Дотооддоо шатахууны хомсдолд орж, хоёр хөршөө царайчлан байгаа юм байж Дорнодын тал газраас олборлож буй газрын тосоо Хятад руу түүхийгээр нь гаргаж байгааг юу гэж ойлгох вэ. үүний цаана хэн гэдэг албан тушаалтны бизнес явагдаж байна...

Дорнодын Тамсагийн сав газраас хууль зөрчин байж өдөр, шөнө газрын тос олборлож байгаа компани бол Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро чайна дачин тамсаг” юм. Энэ компани олборлосон газрын тосоо Дорнод аймгийн Баянхошуу, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтуудаар нутаг руугаа гаргадаг байсан. Харин өнгөрсөн долоо хоногт Авто тээврийн газрынхан тус компанид шалгалт хийхэд 10-д зөрчил илэрсэн тул үйл ажиллагааг нь зогсоосон. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар руу утас цохиж тус компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох акт тавьсан байцаагч нарын улсын байцаагчийн эрхийг цуцал хэмээн тушаал буулгасан байна. Тэгэхээр Р.Содхүү даргын энэ үйлдлийг дарамт гэж ойлгох уу, эсвэл “Петро чайна дачин тамсаг” компанийн хууль бус үйл ажилланааны ард түүний бизнес яваад байна уу. Ер нь хууль дүрмийн дагуу ажлаа хийж байгаа тангараг өргөсөн төрийн албан хаагчийн ажилд дарга сэтэртэй олигархиуд л гай болдог гэдэг нь Р.Содхүү даргын дээрх үйлдлээс тодорхой харагдаж байна. “Хурган дарга” нар хуулиа уландаа гишгэж, улс орноо худалдаж байхад улс орон яаж өөдлөх вэ дээ. За энэ ч яах вэ, гэтэл хууль бус үйл ажиллагааг зогсоох акт тавьсан Авто тээврийн газрын улсын байцаагийн эрхийг хас гэж лүндэн буулгах эрх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүд байгаа бил үү. Арай, тэр андуураагүй биз дээ. Харин ч “Петро чайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагааг яагаад зогсоох болов гээд МХЕГ-ын шалгалт оруулж, “шүүс”-ийг нь шахмаар юм. Хэрэв Р.Содхүү дарга өрөөлд “тушаал” өгдөг шигээ ажлаа сайн хийдэг байсан бол “Петро чайна дачин тамсаг”-ийнхан даврахгүй байсан. Авто тээврийн газрын байцаагч нарын илрүүлсэн байгаль орчин, зам харилцаа гээд олон зөрчлийг таны удирдаж байгаа МХЕГ-ынхан илрүүлэх байсан юм гэдгийг зориуд онцолж хэлмээр байна. Монгол Улсын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой байгууллагыг удирдаж байгаа хүн хуулиа сахин ажиллах байтал хууль бус үйлдлийг өөхшүүлж, төрийн төлөө оготоно боож үхнэ гэгчээр хятадуудын өмнөөс төрийнхөө хуультай тэрсэлдэж байна гэхээр сэжиг төрөхгүй байхын аргагүй. Уг Р.Содхүү дарга монгол цустай л юм бол эх орных нь баялгийг хятадын дугаартай машинаар мэргэжлийн үнэмлэхгүй жолооч өдөр, шөнөгүй зөөж байгааг хараагүй юмаа гэхэд ядаж уншаад харамлах сэтгэл төрдаггүй юм байх даа.

Д.Гэрэл
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш