logo
 Монголросцветмет нөхөн төлбөр авахын тулд хуурамч шрупп тавьжээ

Монголросцветмет нөхөн төлбөр авахын тулд хуурамч шрупп тавьжээ

2011/07/01
Урт нэртэй хуулийн хүрээнд алтны шороо ордын 254 лиценз цуцласантай холбоотойгоор нөхөн төлбөр олгоно. Харин компаниуд нөхөн сэргээлтийн тайлангаа гаргах ёстой. Гэтэл энэ байдлыг ашиглан хуурамч тайлан гарган, ихээхэн хэмжээний мөнгө авах зорилгоор хуурамч шрупп тавьсан тухай мэдээг баттай эх сурвалж хэлж байна. Тухайлбал, Монголросцветмет компани өрөмдлөг хийгээгүй атлаа таван газар өрөмдлөг хийсэн болгож харуулахын тулд хуурамч  шрупп тавьжээ. Энэ тухай тус компанийн ажилтан иргэний хөдөлгөөнийхөнд хэлсэн байна. Урт нэртэй хуулийн балаг ийнхүү захаасаа цухуйж эхэлж. Цаашдаа хэчнээн компани хуурамч тайлан үйлдэж улсын мөнгө завших эсэхийг хэлж мэдэхгүй. Уг нь гол мөрний урсац, ойн сав газраар олгосон алтны шороон ордны лицензийг нэмж олгохгүй, цуцлахаа азнаж байгаад нөхөн сэргээлт хийсэн компаниудад нөхөн олговрыг олгох хэлбэрээр цуцалсан бол дээрхи байдал гарахгүй байсан гэж шинжээчид үзэж байна. Алтны ордноо хаяад явсан шороон овоолгоор газар орон дүүрлээ хэмээн иргэд халаглаж байна. Зүгээр л ухсан газраа булах төдийд нөхөн сэргээлт хийж байгаа гэж үзэх нь чамлалттай хэрэг. Уг нь хоргүй, аюулгүй болгох нөхөн сэргээлт л чухал. Орхоны хөндийн 3000 га газрыг сүйтгэсэн “Монгол Газар” гэхэд 20- хон га газрыг нөхөн сэргээсэн нэр зүйгээд явж байна. Техникийн нөхөн сэргээлт буюу шороон овоолгыг трактороор дарахад 20 орчим га-д сая гаруй төгрөг зарцуулагдана хэмээн иргэний хөдөлгөөнийхөн ярьдаг. Урт нэртэй хуулийн нөхөн олговорт долоон их наяд төгрөг зарцуулагдах тооцоо гаргасан байдаг. Тэгэхээр улс энэхүү тооцоогоо эргэж харах хэрэгтэйг сануулж байна.
Нөхөн сэргээлтийн ажил нь нарийн ангилагдсан, өндөр төвшинд хөгжсөн гадны мэргэжилтэн битгий хэл энгийн хүн ч ингэж хэлмээр дүр зураг Монголд хангалттай бий. Талыг там болгосон хамгийн тод жишээг Заамараас харж болно. "Бороо гоулд"-ын эрхэм боссууд гэхэд л алтаа ухаад гарахыг илүүд үзсэн. Манайхан уул уурхайн олборлолт дууссаны дараа л нөхөн сэргээлт хийх ёстой гэсэн ойлголттойгоор өнөөдрийг хүрсэн. Хууль нь ч ийм заалттай. Гэтэл уул уурхай нь хөгжөөд олон жил болсон улсын хувьд огт өөр бодлого барьдаг талаар чанга дуугарах төрийн түшээд төдийлөн байдаггүй. Солонгост гэхэд нөхөн сэргээлт хийгээгүй хаясан 5000 гаруй уурхай байдаг гэнэ. Эзэнгүй болсон энэ уурхайнуудын нөхөн сэргээлтийг Засгийн газраас нь хөрөнгө гаргаж хийдэг аж. Монголын хувьд Солонгос шиг хожимдсон юм алга. Уурхайнууд өнөөдөр ажиллаж байгаа. Том  ордуудын ажил дөнгөж эхлэх гэж байна. Хэдэн мянган уурхай эзэнгүй үлдэхээс өмнө нөхөн сэргээлт хийлгэх боломж хангалттай бий. Яг өнөөдрөөс энэ чиглэлд мэдрэгдэхээр ажил хийж, нөхөн сэргээлтийн талаар тодорхой стандарт гаргаж, гаргасан стандартаа чанд мөрдүүлж ажиллуулахгүй бол хэзээ нэгэн цагт амаа барих хэрэг гарах магадлал 100 хувь байна. Өнөөгийн байдлыг харахаар өөрийн эрхгүй ийм бодол төрдөг. Олборлолт эхлэнгүүт л нөхөн сэргээлтийг нь давхар хийлгээд явах жишиг рүү орох цаг хэдийнэ болжээ. Мөн ямар ашигт малтмал олборлож байгаагаас хамаарч нөхөн сэргээлт нь янз бүр байдаг юм билээ. Гэтэл манайд наад захын энэ стандарт нь ч байхгүй байдаг.
Шийдвэр гаргах төвшинд нөхөн сэргээлтийн стандартыг тогтоох ажил тодорхой ажлууд хийгдэж байгаа гэж сонссон. Гэхдээ өнөөдөр стандарт боловсруулах асуудал яриад сууж байна гэдэг хоцорч хийж байгаа алхам. Уул уурхай хөгжөөд нэлээд хэдэн жил болсон учраас стандарт байж таарна. Гэхдээ хэтэрхий ерөнхий гэсэн шүүмжлэл алхам тутамд л дагадаг. Стандарт хэт ерөнхийгөөс болж өнөөдрийг хүртэл асуудалтай байгаа газрууд олон бий.
Ашигт малтмалын газар, Газрын тосны газрын хамтарсан шалгалтаар Заамарын уурхайд ил эвдрэлүүд их байсан. Налайхын хөрснөөс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй арсеник хэмээх хорт бодис илэрсэн нь ч зүгээр нэг хэрэг биш. Нөгөө л стандарт тойрсон асуудлын нэг учиг. Зүүнбаянгийн газрын тос олборлодог бүст техникийн нөхөн сэргээлт муу, зүгээр л шороогоор булаад хаячихсан байдал ажиглагдсан нь нэгийг бодуулж хоёрыг сануулахаар бодит жишээ биш гэж үү.
Нөхөн сэргээлтэд Засгийн газар, шийдвэр гаргагчдын зүгээс тавьж байгаа хяналт муу учраас ийм байдалд хүрсэн гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй. Уул уурхайн компаниуд бол ашгийн байгууллага. Хяналт сайн тавихгүй бол тэдэнд нөхөн сэргээлтэд илүү мөнгө зараад байх шаардлага, сонирхол байхгүй. Харин хяналтаа чангалчихвал ямар ч байгууллага нөхөн сэргээлтээ чанартай сайн хийж таарна. Хууль зөрчсөн хэсгийнх нь лиценз, зөвшөөрлийг нь хурааж авах хүртэл арга хэмжээ авч хариуцлага тооцвол нааштай үр дүн гарна гэдэгт итгэж байна.
Ашгаа олж ханасан компаниуд бараа сураггүй болно. Тэр цагт байгалиа байгаль чигээр нь авч үлдэхгүй бол яах нь тодорхой.

Ц. Баяр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш