logo
П.Цагаан: Төрийн ажлыг намын ажлын өмнө тавих цаг ирсэн

П.Цагаан: Төрийн ажлыг намын ажлын өмнө тавих цаг ирсэн

2012/07/26
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас тодруулга зарим асуудлаар тодруулга авлаа.
-УИХ-ын даргыг сонгосонтой холбоотой янз бүрийн мэдээ, мэдэгдэл хөвөрч байна. Тухайлбал МАН мэдэгдэл хийлээ. Ингэхдээ Д.Дэмбэрэл гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй тохиролцож, чуулганы хугацааг хойшлуулсан байсан гэж ч ярьсан. Энэ талаар таны байр суурь ямар б байнэ вэ? Танаас тодруулах гэсэн юм.
-Шууд хариулахад, Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой байгаа. Шинэ УИХ чуулганы хуралдаанаа цаг алдалгүй үргэлжлүүлж, Их Хурлынхаа зохион байгуулалт, үйл ажиллагааг даруй эхлэх нь үндэсний эрх ашигт нийцнэ гэж үзэж байгаа. Тийм ч учраас 7 дугаар сарын 23-нд УИХ-ын ахмад гишүүн Д.Дэмбэрэл, АН-ын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга С.Батболд нарыг урьж уулзсан. Төрийн ажлыг намын ажлын өмнө тавих хэрэгтэй байна гээд Дэмбэрэл гуайг ахмад гишүүниийхээ хувиар хуулийн дагуу маргааш өглөө нь буюу 7 сарын 24-ний өглөө 10 цагаас УИХ-ын чуулганы хуралдааныг даргалаарай гэж хэлсэн.УИХ үйл ажиллагаагаа бие даан явуулдаг, хууль тогтоох дээд байгууллага. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын анхдугаар чуулганыг зарлан хуралдуулж, нээх, гишүүдийг тангараг өргөх ёслолд оролцох үүрэгтэй. Тэрхүү үүргээ Наадмыи өмнө хэрэгжүүлсэн болохыг та бүхэн мэдэх билээ.
-Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдааныг хойшлуулах талаар Ерөнхийлөгчтэй тохиролцсон ямар нэгэн зүйл байхгүй байсан гэсэн үг үү?
-Дэмбэрэл гуай Ерөнхийлөгчид хандаж, тодорхой санал хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан УИХ-ын чуулганы хуралдааныг МАН-ын Бага хурлын дараа хуралдуулах талаар тохиролцох хууль зүйн үндэс байхгүй. УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй, бас эрчтэй явахыг Монголын ард түмэн хүсэн хүлээж байгааг Ерөнхийлөгч мэдэрч, бас тийнхүү явуулахын төлөө чармайж байгаа гэдгийг л хэлье.
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Лондонгийн Зуны 30 дугаар олимпийн нээлтэд оролцож, Монголынхоо баг тамирчдыг дэмжинэ гэж байсан. Явах нь хэвээрээ биз дээ?
-Явна, явна. Олимп бол хүн төрөлхтний энх тайван, эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийн их баяр. Үнэхээр ч олимп бол туурга тусгаар улс үндэстэн бүхний их баяр, бахархал, бас хүндэтгэл юм даа. Энэ удаагийн зуны Олимпийн нээлтэд дэлхийн 120 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцох юм. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Олимпийн нээлтэд оролцож Монголынхоо баг тамирчдыг дэмжин, урам зориг хайрлах нь нэр төрийн ч хэрэг, бас үүрэг нь ч гэж хэлж болно. Олимпийн үеэр спортын уралдаан, тэмцээнээс гадна олон төрлийн арга хэмжээ, уулзалт болдог. Манай Ерөнхийлөгч гэхэд хэд хэдэн орны төр засгийн тэргүүнтэй бас уулзана. Гэхдээ анх төлөвлөсөн хөтөлбөрөө дуусгалгүй дундаас нь эх орондоо буцаж ирнэ.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш