logo
Олимп: Монголын багийн анхны хэсэг тосгондоо нэгдэв

Олимп: Монголын багийн анхны хэсэг тосгондоо нэгдэв

2012/07/26
Анх 8 дугаар сарын 3-ны өдөр Сарри мужийн спортын төвд хамтарсан бэлтгэлээ базаасан байт харваа, марафон гүйлтийн долоон тамирчин, дасгалжуулагч будант Албионд хөл тавьж байснаас хойш жүдо, усанд сэлэлт, буудлагын тамирчид ар араасаа ниссээр олимпийн тосгонд суурьшлаа.

Одоогоор чөлөөт бөхөөс бусад зургаан төрлийн 21 тамирчин дасгалжуулагчдын хамт олимпийн хотхондоо жигдрэн жагсаад байна. Жүдогийн Холбооныхон бэлтгэл хангагч Ч.Болдбаатар, Б.Тэмүүлэн, Г.Одбаяр, А.Батсуурь, Э.Энхбат, Г.Болдбаатар, А.Цолмон, Г.Отгонцэцэг зэрэг арав гаруй жүдочдыг Лондон хотод газардуулсан бөгөөд тэд олимпийн татами дээр хүч сорих андуудынхаа төлөө хөлсөө гартал зүтгэж байгаа бол Олимпийн Боксын Холбооныхон Сарри мужид ширэн бээлийтнүүдийнхээ хамтарсан бэлтгэлийг зохицуулсан байна.

Тринадад ба Тобагогийн АТА
Монголын буудлагын дасгалжуулагч Б.Алтанцэцэгийн шавь, Бээжин 2008 олимпийн наймдугаар байрны шагналт Ц.Мөнхзул олимпийн эрхээ авч чадаагүйд олон хүн харамсдаг билээ. Харин түүний багш Алтаа нь Тринидад ба Тобаго улсын гар бууны тамирчин Даниел Рожерсийг дасгалжуулах урилгыг хүлээн авч, өдгөө Карибийн тэнгисийн энэ улсын багийн гишүүний мандатыг зүүн, Лондонд хүрэлцэн иржээ.

Тринидад ба Тобаго улс нийт 25 тамирчинтай их тулаанд ирсэн бөгөөд Даниел бууч Улаанбаатар хотноо олон удаа бэлтгэл хийж “монголжсон” тамирчин билээ. 1988, 1992 онд тамирчнаар, 2000, 2008 онд дасгалжуулагчаар Олимпийн “ утаа үнэрлэсэн” АТА маань ийнхүү тав дахь удаагаа “зодоглож” буй нь энэ ээ.

Мөн 2002 оноос Герман улсын харьяат болсон Доржсүрэнгийн Мөнхбаяр ч бас немцүүдийнхээ хамт тосгонд буужээ.

Бадамкагийн санаа амрав
Саяхан Триполи хотноо барьцаалагдсан Ливийн ҮОХ-ны Ерөнхийлөгч Набил Эл Салим эсэн мэнд зандалчдын гараас суллагдсан байна.

Тэрбээр Муамар Гаддафигийн хүүгийн тэргүүлж байсан ҮОХ-ны бөгөөд тэдний үйл ажиллагааг хурц шүүмжилдэг нэгэн байжээ. Мань эр 2009-2010 онд АНУ-д зохиогдсон Олон улсын олимпийн хорооны дасгалжуулагчдын дээд курсэд манай байтын багш Ц.Бадамхатантай тохой залган сууж байсан нэг ангийн анд гэнэм.

Тэр бүү хэл Ливийн ҮОХ-ны Ерөнхийлөгч удахгүй Лондон хотноо ирж, олимпийн наадамдаа оролцох гэж буйг сонсоод Бадамка ба АНУ-ын нэг курсын Пуэрто Рико, Серби, Пакистан найз нарынх нь санаа амарчээ.

Хамгийн залуу ба ...
Монголын багийн хамгийн залуу тамирчнаар нь усанд сэлэгч Гантөмөрийн Оюунгэрэл (1992), боксчин Нямбаярын Төгсцогт (1992) нар тодорлоо.

Харин нэмэлт үзүүлэлтээр Барселона олимпийн жилийн олимпийн баярын өдөр буюу 1992 оны 6-р сарын 23-ны өдөр мэндэлсэн, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсөө усчин охиныг “ялж”, залуугийн залуу тамирчнаар “шалгарсан” бол байт харвааны 40 настан Ж.Гантөгс ахмад нь болов.

Харин хамгийн ахмадын ахмадаар нь Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, нас сүүдэр 62 хүрч, 6 дахь олимпдоо хүрэлцэн ирсэн Ч.Насантогтох багш өнгөллөө.

Гурван Ганзориг
Энэ удаагийн олимпод манайхаас гурван Ганзориг бүртгүүллээ.

Олимпийн Боксын Холбооны Ерөнхийлөгч, Эрдэнэтийн босс, Гавьяат Эдийн засагч, Төрийн шагналт Чимиддоржийн Ганзориг, боксын гавьяат дасгалжуулагч Дашзэвэгийн Ганзориг, Байт харвааны холбооны Ерөнхийлөгч, “Нийслэл Өргөө” компаний захирал Балхүүгийн Ганзориг нар Лондонд нэг дор байх нь ээ.

Б.Хосоо  
GOGO.MN
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш