logo
Үнэр /шог өгүүллэг/

Үнэр /шог өгүүллэг/

2012/07/26
Би тушаал дэвшиж хэлтсийн ахлах мэргэжилтэн боллоо. Чухам энэ суудлын төлөө яаж гүрийсэн гээч. Таван жил даргын дэргэд нэг ч удаа архи амсаагүй. Ажилдаа ганц хором ч хожимдож үзээгүй. Хэлтэст тавын таван зэгзгэр амьтан байгаа хэр нь нэг ч удаа гэр бүлийн асуудалд орооцолдолгүй явж иржээ. Дэвшсэний маргааш бичээч Должингийн хүү гэрлэж, хамт олон цайллаганд уригдлаа. Орлогч дарга надад дэвшсэний төлөө урмын үг хайрлаад,

-Болд оо, хүү минь ахлах болсон юм байна, нэг татчих хэмээн догиов. Би дотроо “Даргын дэргэд хальт гишгүүлэх нь. Тэгдэг байх аа” гэж муу санааллаа. Манайхан надаас илт эмээх болсон нь мэдрэгдэж, өөдрөг сайхан байсаар хэд хонолоо. Нэг өглөө миний хар багын найз Лутхүү шил “Чингис” тэвэрчихсэн халамцуу орж ирлээ. Манай ангиас баян цатгалан гайгүй яваа цорын ганцхан хүн. Энэ жил нутгаасаа Улсын их хуралд сонгогдсоныг нь зурагтаар харж баярлаж сууснаас биш ингээд ороод ирнэ чинээ санасангүй. Барьц алдав.

-Ма-анай а-а-ажил дээр юм ууж болохгүй журам… гэж би ээрлээ. Хэн нь очоод алтан хошуу өргөчихсөн юм, дарга ороод ирчихсэн ард зогсож байна. “Би ч ингээд өнгөрлөө. Албан тушаал будаа” гэж бодогдлоо.
-Хүүе Болд оо, чи юу гэх чинь энэ вэ? Зочноо дээш нь суулга гэж дарга ориллоо. Багын найз минь хойморт заларч тэр өдөр манай хэлтсийнхэн бид хоёрын унаган нутаг Баян-Уул сумаар амьсгалав. Би халамцаад, хамт хурдан морь унаж явснаа дурсвал, Лутхүү маань цангинатал гийнгоолж байна. Өдөржин уртын дуу хадааж, хундага тавилгүй сархад хүртэж, хутга тавилгүй мах зооглолоо. Дарга минь:
-Эрхэм гишүүн, манай Болдоо хоёрын буянд хамт олны магнай тэнийв. Хорин жилийн ганд хатсан говьд бороо зүсрэх мэт боллоо гээд нулимсаа арчлаа. Миний ч бас хамрын самсаа шархираад явчихлаа.

-Таван жил ажиллахдаа ийм хамт олонтойгоо мэдээгүй явж гэж хэлэх гэтэл нүдний нулимс бүрхэж, хойморт суух найз, дарга хоёр минь аадар борооноор цонхны цаана суух мэт мэлэлзэн харагдав. Энэ явдлаас хойш би хорвоог улам өөдрөгөөр харах боллоо. Өглөө өрөө рүүгээ орж ирээд хамт олноо тойруулан харах дэндүү аз жаргалтай санагдаж, бүгдийг нь барьж аваад үнсчихмээр бодогдоно. Тийм нэгэн бал бурам амтагдсан өглөө өнгөрч байтал ахин нэг баяр тохиов. Миний багын бас нэг найз орж ирлээ. Уулзаагүй мөн ч удаж дээ. Хар багын найз Багахүү минь шил “Чингис” өврөөсөө зориг муутай цухуйлгаад,

-Дарга даамлууд чинь аашлахгүй байгаа?.. энд болох уу гэж байна.
-Хүүе, чи юу гэх чинь энэ вэ? гэж би эртүүд дарга яасан яг түүн шиг ориллоо. -Манай дарга гэж гүндүүгүй сайхан хүн бий. Даанч хөдөө явчихсан байгаа л даа, маргааш ирнэ гэснээ орлогч санаанд орж, урьж ирүүлэхээр хүн явууллаа. Орлогч гадуур ажилтай байсан тул би хойморт Багахүүтэйгээ заларч найр эхлүүлэв. Багахүү минь нөгөө ангийн нусгай Долзодтой дэр нийлүүлж, гурван зуугаад богтой тов хийтэл амьдарч яваагаа ярьж нутгийн бууц үнэртүүлэхэд нь, хэд хоногийн өмнө манай ангийн Лутхүү ирж гийнгоолсон тухай сонин дуулгалаа. Багахүүгийн нүд нь сэргээд ирлээ. Тэгэлгүй яахав дээ, бид гурав үй зайгүй өссөн юм чинь.

-Лутхүү минь Ерөнхийлөгчийг дагаад гадаадад яваа. Хэрвээ байгаа бол утас цохиод дуудчихгүй юу гэвэл Багахүүгийн минь нүд бүр гэрэлтэж, -Би мэдээд байдаг байсан юм аа. Лутаа минь удахгүй Ерөнхийлөгч болно харж л байгаарай гэж байна. Хэлтсийнхэн дахиад л Баян-Уул сумын тухай ярианд автаж, “пөөх ямар гоё вэ” хэмээн эртүүдийнх шигээ дуу алдацгааж эхэллээ. Хэдэн ч шил архи зөөлгөсөн юм, хэдэн ч уртын дуу дуулсан юм бүү мэд. Нэг ухаан орвол орлогч ирчихсэн орилж байх нь нэг ойртож нэг холдон сонстож байсан юм. Маргааш өглөө нь үлхийтлээ шартчихсан амьтан сууж байтал хурал хийхээр болоод пижигнээд явчихлаа. Дарга босож, хоолойгоо сүр бадруулан засаад,

-Миний эзгүйд, ажлын байранд архидсан ахлах мэргэжилтэн нөхөр Болдын тухай өнөөдрийн хурлаар авч хэлэлцэнэ гэхэд нь би нугдгасхийтэл цочив. Орлогч архины шилээр дүүргэсэн сагсыг дээр өргөн олонд харуулснаа хамраа чимхээд,

-Ийм юм гэж байх уу? Албан тасалгаанаас ямар муухай үнэр гарч байна гээч? Энэ балиар үнэр сарын дараа ч арилахгүйдэг ээ гээд толгой сэгсрэн шогширч байна.

Ингээд ажлын байранд архидалт зохион байгуулан, архины үнэрийг албан тасалгаагаар нэг тархааж, байгууллагын нэр төрийг гутаасан миний бие хатуу донгодуулж, ахлах мэргэжилтний суудал дээрээсээ арай л ховх шидүүлсэнгүй хоцорлоо. Ингэж л би Эрхэм гишүүний уусан архи үнэртдэггүй, энгүүн ардынх бол албан тасалгааг нэгширтэл үнэртдэг болохыг хэзээ ч мартахгүйгээр ойлгож авсан хүн дээ.

А.Амарсайхан 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш