МАН-ын бага хурал болж, намын удирдлагаа шинээр сонголоо. Чингэхдээ "М-Си-Эс"-ийн Л.Энх-Амгаланг анх МАН, улс төрд оруулж ирсэн гэгддэг Ө.Энхтүвшинг намын даргаар, У.Хүрэлсүхийн "багийн тоглогч" Г.Занданшатарыг Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар сонгосон тул тус намыг "МГИМО" фракц болон Зүүний хүчний Холбоо удирдсан хэвээр үлдсэн гэсэн үг.
Орон тооны нарийн бичгийн дарга нарын дунд ч "МГИМО" -ийн Ц.Мөнх-Оргил багтсан байна. Харин "хотын фракц"-ийн Ц.Цогзолмааг Т.Бадамжунайгаар сольсон агаад Ц.Цогзолмаа хотын намын хорооны даргад өрсөлдөх бололтой.
Энэ үеэр намын бага хурлын гишүүдийн дунд Сү.Батболдыг улируулан МАН-ын даргаар ажиллуулах сонирхол их байсан ч тэрээр өөрөө татгалзсан юм.
Эх сурвалжуудын хэлж буйгаар С.Баяр л биш бол С.Батболдоос өөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших лидер байхгүй тул түүнийг ийн "нөөцөлж" буй аж.
"МГИМО" фракци нь Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд сургуульд сурч байсан эрхэмүүдийн голлон удирддаг улс төр, бизнесийн бүлэглэл гэгддэг бөгөөд хэвлэлүүд "толгойлогч" нь "М-Си-Эс"-ийн Ж.Оджаргал хэмээдэг.
Б.Золхүү