Цахим мэдээллийн зуунд амьдарч байгаа биз их азтай юм. Монголд цахим ертөнцийг хөгжүүлэхэд мэдлэг боловсролтой, чадалтай залуучууд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Тэдний нэг нь Монголын залуучуудын холбооны дарга А.Мөнхбат. Энэ залуу математикийг компьютер мэдээллийн технологид яаж хэрэглэхийг оюутан байхаасаа сурч цахим арилжааг Монголд анх нэвтрүүлэгчдийн нэг. Хэвлэл мэдээллийнхэн сониноо цахим хэлбэрээр захиалуулж, уншигчдад хүргэсэн гавьяатай нэгэн гэхэд ч болно. Тэр өмнө нь Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын дэд дарга байгаад УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм. Монголын залуучуудын холбоо бол 120 мянга гаруй идэвхтэн дэмжигчтэй, Монголын залуучуудын ууган байгууллага. Энэ байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэг хэр баргийн аавын хүүгийн зориглон хийх ажил биш. МЗХ-ны Ерөнхий зөвлөл, Тэргүүлэгч гишүүдийн өргөтгөсөн хурлаас 99,9 хувийн саналаар Ц.Зоригтбаатарын оронд сонгогдож, сүүлийн 10 гаруй жил унтаа байсан байгууллагыг сэрээсэн гавьяатай. МЗХ-ноос эрхлэн гаргаж байгаад сураггүй болчихсон байсан “Залуучуудын үнэн” сонин сүүлийн үед шинэ өнгө төрхтэйгөөр гарч ирсэн нь А.Мөнхбатын анхны ажил байв. УИХ-ын 2012 оны сонгуульд АН-ыг олон суудал авахад түүний гүйцэтгэсэн үүрэг их. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны үед жинхэнэ IT инженер шиг байж, цахим сурталчилгааг утгаар нь хийж чадсан. МАН сонгогчдын нүд, чихэнд нэрээ хоногшуулж чадалгүй бантагнаж байх зуур АН-ын IT-чид ёстой л бужигнуулж байсан. Түүний цаана А.Мөнхбат байсан гэнэ лээ. Сонгуулийн үр дүнд АН бусдаас олон санал авч, засаг бүрдүүлэх эрхтэй болсон. Хэд хэдэн яамыг чиглэл, үүргээр нь салгаж, Мэдээлэл харилцаа, холбооны салбарыг “өрх тусгаарлуулах”-аар хэлэлцэж байгаа сурагтай. Хэрэв үнэн бол энэ яамыг А.Мөнхбат шиг “улаан IT” залууд хариуцуулбал ямар вэ. “Монгол талаасаа л номер нэг дээ” хэмээн Бумаа авгай даналздаг шиг мэдээлэл, харилцаа холбоо талдаа тэр номер нэг байх шүү.