Долоодугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдсан цагдаагийн экс удирдлагууд ялын тогтоолоо авсан даруйдаа хуулийн дагуу давж заалдах шатны шүүхэд хүсэлтээ уламжилсан.
Эх сурвалжийн мэдээллээр шүүх хурлын тов гараагүй байгаа аж. Үүнийг зарим иргэд тайлбарлахдаа шүүгч нарын ээлжийн амралттай ч холбон ярьж байна. Экс дарга нарын шүүх хурал хэзээ товлогдох талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Ч.Амарболдын ах Ч.Энхболдоос лавлахад “Хурлын тов гараагүй байгаа. Хуулийн хугацаагаар бол 21 хоногийн дотор тов гарах ёстой юм билээ. Тэгэхлээр хэзээ гарах нь тодорхой бус. Шүүх л мэдэх байх” гэлээ.
Анхан шатны шүүхээс 2.6-3.3 жилийн хорих ял сонсоод байгаа. Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарын биеийн байдал сайнгүй байгаа учир эмчилгээ хийлгэж буй. Бидэнд ирсэн мэдээллээр экс дарга нарын бие дээрдэж эхэлжээ.
Шастины нэрэмжит III эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Ч.Амарболд, О.Зоригт нарыг наадмын дараахан I эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Учир нь эдгээр эрхмүүд сахарын өвчинтэй. Тус эмнэлэг энэ төрлийн өвчинг эмчлэх тал дээр туршлагатай байдаг аж. Үүний улмаас эмч нар зөвлөлдөж байгаад ийнхүү шилжүүлжээ. Экс удирдлагуудыг 24 цагийн турш цагдаа хянадаг байна.
Б.Чанцал
Эх сурвалж: "Нийгмийн толь"