logo
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Йоркийн гүн Хунтайж Эндрьютэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Йоркийн гүн Хунтайж Эндрьютэй уулзлаа

2012/07/30
 “Лондон-2012” Зуны Олимпийн наадмын нээлтэд оролцохоор Лондон хотод хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж , Йоркийн гүн Хунтайж Эндрьютэй уулзлаа. Йоркийн гүн Хунтайж Эндрью Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Олимпийн наадмын нээлтэд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлээд, Олимпд оролцож буй монголын баг тамирчдад амжилт хүслээ.
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Британийн харилцаа, хамтын ажиллагаа , ялангуяа худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөжин хөгжихөд Хунтайж Эндрьюгийн оруулж буй хувь нэмэр өндөр болохыг тэмдэглэв.
 “Манай хоёр орон одоогоос 50 жилийн тэртээ дипломат харилцаа тогтоож байсан. Ингэснээр Британи Улс нь Өрнөдийн орнуудаас хамгийн анх Монгол улстай дипломат харилцаа тогтоосон орон болж байсан юм.
Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж , хөрөнгө оруулагчдын зүгээс бидэнтай хамтран ажиллах сонирхол улам бүр нэмэгдсээр байна. Манай хоёр орны хувьд уул уурхай, банк санхүү, хөрөнгө оруулалт, боловсролын чиглэлээр хамтран ажиллах сонирхол харилцан нэмэгдэж байна. Ирэх даваа гаригт Лондон хотноо болох Монгол-Британийн бизнес форумд 200 орчим бизнес эрхлэгч оролцож байгаа нь үүний тод илрэл юм.
Дэлхийн банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн нэгэн томоохон төв болсон Лондон хоттой хамтын ажиллагаа өргөжиж байгаа нь монголын энэ чиглэлийн салбарын хөгжилд томоохон түлхэц болох нь дамжиггүй.
Боловсрол бол бидний хамтын ажиллагааны нэгэн чухал салбар юм. Монголын боловсролд Кэмбрижийн стандартыг нэвтрүүлж эхлээд байна. Британийн хөрөнгө оруулагчдын зүгээс монголд дээд боловсролд хөрөнгө оруулах нь стратегийн хувьд чухал хөрөнгө оруулалт болно гэж үзэж байна” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярив.
Йоркийн гүн Хунтайж Эндрью , Ерөнхийлөгчийн хэлсэнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд,  ялангуяа боловсролын салбар,  байгалд  ээлтэй уул уурхайн технологийг нэвтрүүлэх чиглэлд  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаагаа  ярив. Уулзалтын үеэр монголд хийгдэж байгаа хууль эрхзүйн шинэчлэл, хөрөнгө оруулалтын бодлого, уул уурхайн баялгийн хуваарилалт, байгал орчин хамгаалах зэрэг асуудлуудаар санал бодлоо солилцлоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Йоркийн гүн Хунтайж Эндрьюг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урив.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш