Нэгдүгээр эмнэлэгт хэвтэж буй ээжийгээ эргэхээр явж байсан монгол залууг Монгол нутагт хятад хүн зодохыг харлаа. Энэ явдал өнгөрсөн баасан гарагийн 14:00 цагийн үед болсон бөгөөд хэн ч харсан уур бухимдал хүрч, нутаг нэгтнээ өмөөрөхөөр нөхцөл үүссэн юм.
Тодруулбал, Клиникийн нэгдүгээр эмнэлгийн гадаа монгол, хятад хоёр иргэний дунд багагүй маргаан дэгджээ. Маргаан эмнэлгийн үүдэнд үүссэн машины түгжрэлээс үүдэлтэй байв. Зам түгжирснээс мөнөөх ямаан омогт хятад хүн зам тавьж өгсөнгүй гэдэг шалтгаанаар монгол залууг үгийн зөрүүгүй зодож эхэлсэн тухай ойр орчимд нь байсан хүмүүс хэлж байсан юм.
Хятад “зодоонч” УНБ-8106 дугаартай “Хаммер” маркийн машинтай. Тэрбээр машинаа зогсоолд тавих гэж байсан залууг “Удаж, садаа боллоо” гээд шууд зодсон гэж иргэд ярьж байв.
Тухайн үед тэдний ойролцоо байсан хүмүүс тэр хятадыг болиулж, салгаагүй бол монгол залууг хүнд гэмтээхээр шинжтэй байжээ. Ёстой л өөрийн нутагтаа байгаа мэт аашилж, хүн бүрийг элдвээр харааж, орилж, зандарч байсныг олон хүн гэрчилсэн юм. Удалгүй цагдаа нар ирж эл зодооныг салгаж, хятад иргэнийг цагдаагийн газар руу авч явснаар шуугиан намжсан аж.
Хятад иргэнтэй явж байсан хоёр монгол залуу уг зодооныг салгах нь бүү хэл улам өөгшүүлж, хятад иргэнийг өмөөрч, зодооныг салгасан хүмүүсийг “Та нар хууль гэж мэдэх үү.
Араа даагаарай. Ер нь та нарт хамаагүй асуудал” гэх зэргээр сүрдүүлсэн нь гал дээр тос нэмж, тэнд байсан хүмүүсийн уурыг хүргэсэн байна. Зодоон болох үед тэнд байсан гэрч Б.Пүрэвдуламаас болсон явдлыг тодрууллаа.
Тэрбээр “Энэ хоёр машин зогсоол дээр зэрэгцэж зогссон. Гэтэл хоёр хятад шууд гарч ирээд монгол залууг заамдаж, зодсон. Удалгүй цагдаа нар ирсэн боловч юу ч хэлэлгүй машиндаа суулгаад аваад явсан. Хамгийн гол нь цагдаа нар хятад иргэний бичиг баримтыг нь ч шалгаж үзээгүй. Яг үнэндээ таньдаг цагдаагаа дуудаж ирээд л хятад хүнийг аваад явах шиг болсон.
Хамгийн уур хүрмээр нь цагдаа нар ирээд “Та нар юун сүртэй юм бэ” гэж монгол залууг өмөөрсөн хүмүүст хэлсэн. Бид цагдаагийн машины дугаарыг харах гэтэл харуулахгүй байна билээ. Ер нь хуулийнхан нь ч хужаа нарын талд ордог болсон юм биш үү. Одоо хужаа нар монголчуудыг дуртай үедээ доромжилж байна. Зодуулсан залуу ээжийгээ эргэх гэж ирсэн юм билээ. Арай дэндүү зодсон. Монголчууд эх орондоо хятадуудад зодуулж байгааг эмгэнэл гэхээс өөр юу гэх вэ” гэлээ.
Сүүлийн үед монгол хүнийг “Хятадууд зоджээ”, “Хөлийг нь хугалжээ” гэх мэдээлэл байнга шахам гарах болжээ. Гэтэл Монгол нутагт шигдсэн хятадууд монгол хүнийг бүр олны нүдэн дээр, нутаг нэгтнүүдийнх нь дунд эрээ цээргүй зодож нүдэж байна.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд барьж буй “Роял гарден” хорооллын барилгад 300 орчим хятад иргэн ажиллаж байгаа. Тэдгээр хятадын дунд цөөхөн монгол хүн өдрийн хоолоо залгуулах гэж хамаг хүнд хүчир ажлыг нь хийж, амь зуудаг юм билээ.
Гэтэл өнгөрсөн үл ялих маргаанаас болж тус барилгад ажилладаг гурван залууг хэвтэрт ортол нь зодсон баримт хүртэл бий. Ингээд бодохоор монголчууд газар нутагтаа эзэн нь байж чадаж байна уу гэх асуулт гарч ирнэ.
Монголчуудын нутагтаа зодуулсан явдал үүгээр зогсохгүй. Амьдралд хөлөө олоогүй 15 настай хүү Д бас л хятадуудад зодуулж, тархины гэмтэлтэй болсон. Учир нь, тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан хүүг тэд гар хөлийн үзүүртээ зардаг байсан байна. Хятад даамал түүнийг дуудахад нь очоогүйгээс уурлаж, толгой руу тоосго шидэж, улмаар нүүр нүдгүй зодож гэмтээсэн байдаг.
Хүүг монгол ажилчид өмөөрч, түргэн дуудсан байна. Хүүгийн талаар асууж сураглавал тархиндаа хүнд гэмтэл авснаас ажил хийж, ар гэртээ туслах нь бүү хэл эрүүл саруулаар сэтгэж ч чадахгүйд хүрсэн байлаа.
Хятадууд манай улсын хуулийг дэндүү дорд үздэг нь манайхантай харьцаж буй хандлагаас нь харагддаг. Тэднийг хэн давруулж байна вэ гэхээр нөгөө л эрх мэдэлтнүүд. Мөнгөтэй хүмүүс л эрх мэдлийг гартаа авсан цаг юм уу даа.
Уг нь тухайн улсад байх үедээ хууль зөрчсөн бол тэр улсынхаа хуулиар шийтгэгдэх ёстой хатуу дүрэм олон улсад мөрдөгддөг ч манайд бол үгүй аж. Хятадын хууль ямар чанга байдгийг хүн бүр мэднэ. Тэдний оноосон ялыг “Тухайн улсын хууль ийм чанга байдгаас хойно яах ч билээ” гэж ярьдаг. Тэгвэл Монгол Улсын хууль ч гадаадын иргэдэд мөн адил үйлчлэх ёстой. Эс бөгөөс захын нэг хятад хүнд машины зай тавьж өгсөнгүй гэх шалтгаан биш шалтгаар хэчнээн монголчууд зодуулах юм билээ. Дээрх хэргийг өдүүлсэн хятадыг авч явсан цагдаагийнхан хэргийг нь яаж шийдсэнийг бид эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: "Өглөөний сонин"