logo
Х.Цагаанбаатар, М.Бундмаа нар мултарлаа

Х.Цагаанбаатар, М.Бундмаа нар мултарлаа

2012/07/30
 Д.Төмөрхүлэг эхний даваанд бүдэрч, М.Уранцэцэг долоодугаар байрт оров 
Эрэгтэйчүүдийн 60 кг (37 жүдоч): 1. Арсен Галстян (ОХУ) 2. Хироаки Хираока (Япон) 3. Ришод Собиров (Узбекистан), 4. Фелипе Китадай (Бразил) 5. Софиан Милоус (Франц), 6.Элио Верде (Итали)
 
Амстердамын Гран-при­гийн аварга, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогт өнгөрсөн жилийн Пан Америкийн наадмын аварга Бразилийн Фелипе Китадайтай хүч үзэж, вазаригаар дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүллээ. Тэрбээр бразил эрийг 2008 онд Тайландын Бангкок хотод болсон залуучуудын ДАШТ-ий шөвгийн наймд сөхрүүлж байсан ч энэ удаа өөрийн үндсэн барилдаанаа гаргаж чадалгүй ялагдал хүлээв.
 
Эхний тойрогт манай бөхийг ялсан Китадай цааш амжилттай барилдсаар хүрэл медаль хүртсэн. Сонирхолтой нь, түүний 23 насны төрсөн өдөр энэ өдөр тохиож бразил эр медаль зүүж, өөртөө бас эх орондоо том бэлэг барьсан юм.
 
 Түүнтэй хамт сүүлийн хоёр жилийн дэлхийн аварга Узбекистаны Собиров хүрэл медалийн шагналын тавцанд зэрэгцэн зогсов. Узбек эр дөрвөн жилийн өмнө Бээжинд мөн хүрэл медаль хүртэж байсан юм.
 
Харин 2008 оны залуучуудын ДАШТ-ий алтан медалийн төлөө манай Д.Төмөрхүлэгтэй тунан үлдээд түрүүлж байсан ОХУ-ын Арсен Галстян өөрийн хүчтэй өрсөлдөгч БНСУ-ын Чой Гван Хьюн, Узбекистаны Ришод Собиров, Японы Хироаки Хираока нарыг сөхрүүлж, Олимпийн аварга боллоо.
 
Олимп, ДАШТ-д тогтмол медаль хүртдэг ч түрүүлж үзээгүй Японы Хираока энэ удаа ч мөнгөн медаль дээр буулаа.
 
Эмэгтэйчүүдийн 48 кг (19): 1. Сара Менезес (Бразил) 2. Алина Думитру (Румын) 3. Чарлине ван Сник (Бельги), Эва Черновицки (Унгар) 5. Томоко Фүкүми (Япон), Паула Парето (Аргентин)
 
Энэ жилийн Азийн аварга ОУХМ М.Уранцэцэг эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт энэ жилийн Парисын “Их дуулга”-д ялж байсан Казахстаны Александра Подрадоваг вазаригаар ялж, хэсгийн аваргын төлөө Бээжингийн Олимпийн аварга Румыний Алина Думитрутай хүч үзсэн. Урнаа Олимпийн аваргатай тун сайн барилдаж, юүко үнэлгээгээр илүүрхэж яваад туршлага дутан үндсэн цаг өндөрлөхөөс 11 секундын өмнө юүко үнэлгээ алдсанаар ялагч алтан цагт шийдэгдэхээр болсон юм.
 
Манай бөх нэмэлт цагт идэвх санаачилгатай барилдсан ч цаг дуусахаас ердөө зургаан секундын өмнө өрсөлдөгчийнхөө шийдсэн мэхэнд орж, вазаригаар ялагдав. Хэрэв М.Уранцэцэг хэдхэн хором тэссэн бол шүүгчийн саналаар ялах боломжтой байсан юм. Харин дагах барилдаанд Аргентиний Пауло Паретод юүко үнэлгээтэй тэнцэх торгуулиар дийлдсэнээр шагналт долоодугаар байрт шалгарлаа. Анх удаа Олимпийн наадамд хүч үзсэн түүний хувьд чамлахааргүй амжилт юм. Өдгөө 22 настай түүнийг цаашид олон Олимп хүлээж буй. Энэ жинд залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Бразилийн 22 настай жүдоч Сара Менезес өмнөх Олимпийн аварга Румыний хашир туршлагатай Думитруг вазаригаар ялж, Олимпийн аварга боллоо.  Харин хүрэл медалийг Бельгийн Чарлине ван Сник, Унгарын Эва Черновицки нар хүртсэн. Харин аваргалах хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байсан өнгөрсөн жилийн дэлхийн аварга Японы Томоко Фүкүми хагас шигшээд Думитруд вазаригаар, хүрэл медалийн төлөөх барилдаанд Черновицкид алтан цагт цэвэр ялагдсанаар медальгүй нутаг буцлаа. 
 
Х.Цагаанбаатар, М.Бундмаа нар мултарлаа
Өчигдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болсон юм. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 36 жүдоч хүч үзсэн бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний тойрогт Тайванийн Кай Вен Тутай хүч үзэж, вазаригаар яллаа. Харин дараагийн даваанд эзэн орны Колин Оатист юүко үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо. 52 кг-д 23 орны бөх зодоглосон бөгөөд 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ М.Бундмаа эхний тойрогт Гайтигийн Линоусе Десравинетэй хүч үзэж, 2:10 минутад хутгах мэхээр цэвэр ялсан юм. Харин хоёрдугаар тойрогт өмнө нь дөрөв барилдахдаа гуравт нь ялагдаж байсан Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт, Кубын Янет Бермойд хоёр вазари үнэлгээгээр дийлдсэнээр тэмцээнээ өндөрлөлөө. 
 
О.Гүндэгмаа 18 дугаар байрт оров
“Лондон-2012” зуны XXX Олимпийн наадмын буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөл өчигдөр болсон. Тус төрөлд 49 тамирчин цэц мэргэнээ сорьсон бөгөөд Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа урьдчилсан шатанд 380 оноо авч, 18 дугаар байрт жагссанаар шигшээ тэмцээнд үлдэж чадсангүй. Мөн энэ төрөлд “Барселон-1992”, “Бээжин-2012” Олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Германы иргэн Д.Мөнхбаяр 378 оноогоор 25 дугаар байрт орсон байна. О.Гүндэгмаа наймдугаар сарын нэгэнд өөрийн үндсэн төрөл болох 25 метрийн спорт гар бууны төрөлд цэцээ сорих юм. Өчигдөр усанд сэлэлтийн 100 метрийн эрвээхэй сэлэлтэд спортын мастер Г.Оюунгэрэл урьдчилсан шат буюу цагаан хуудсаар оролцсон усчид өрсөлддөг нэгдүгээр гараанд 1:27.17 секундын амжилтаар тавдугаар байрт оржээ. Тэрбээр Гвиней улсын тамирчинг ардаа орхисон байна. Манай тамирчдаас боксын 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат Монголын цагаар 22:00 цагт Габоны Яннек Митумба Мбемитэй эхний тойргийн тулаанаа хийсэн юм. 
 
ХХХ Олимпийн анхны аварга И Силинг
“Лондон-2012” Олим­пийн наадмын анхны аваргаар БНХАУ-ын тамир­чин И Силинг тодорлоо. Буудлагын эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд тэрбээр урьдчилсан дасгалд 399 оноо, харин шигшээ буудлагад 103.9 оноо авч, нийлбэр 502.9 оноогоор алтан медалийн эзэн болжээ. Өдгөө 23 настай тэрбээр хоёр жилийн өмнө Мюнхенд болсон ДАШТ, Гуанжоуд явагдсан Азийн наадамд энэхүү төрөлдөө аваргалж байв. Харин Польшийн Силвия Богачка 502.2, Силингийн нутаг нэгт Юү Дань 501.5 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ. Мөн эхний өдөр эрэгтэйчүүдийн 10 метрийн гар бууны медальтнууд тодорлоо. Урьдчилсан шатанд 44 мэргэн буудагч өрсөлдснөөс Испани, Итали, Финланд, БНСУ, БНХАУ, Украин, Португал, Сербийн тамирчид шигшээ буудлагад шалгарсан. Шигшээ тэм­цээнд БНСУ-ын Жин Жонго 688.2 (588+100.2) оноогоор аваргалж, Италийн Лука Тескони 685.8 (584+101.8), Сербийн Андриа Златич 685.2 (585+100.2) оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. 
 
16 настай нанхиад охин Олимп, дэлхийн рекордыг эвдэв
Олимпийн наадмын сонирхолтой төрлүүдийн тоонд усанд сэлэлт зүй ёсоор багтдаг билээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт болон холимог сэлэлт, эмэгтэйчүүдийн холимог, 4x400 метрийн буухиа уралдаан дүнгээ гаргалаа. Эрэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлтэд өнгөрсөн жилийн Шанхайн ДАШТ-ий гол баатар БНХАУ-ын Сун Яан 3:40.14 секундын амжилтаар түрүүлж, мөнгө, хүрэл медалийг БНСУ-ын Пак Тэ Хван 3:42.06, АНУ-ын Петер Вандеркай 3:44.69 амжилтаар хүртэв.
 
Эрэгтэйчүүдийн 400 метрийн холимог сэлэлтэд АНУ-ын тамирчин Райан Лохте 4:05.18 секундын амжилтаар аваргалсан бол Бразилийн Тиаго Перейра 4:08.86, Японы Косүки Хагино 4.08.94 секундын амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэн болж шагналын тавцанд гишгэлээ.
 
Харин Бээжингийн Олимпийн гол баатар, Олимпийн наадмын 14 алтан медальт, АНУ-ын алдарт усанд сэлэгч Майкл Фелпс 4:09.28 секундын амжилтаар дөрөвдүгээр байрт орсон нь багахан дуулиан болов.
 
Эмэгтэйчүүдийн 400 метрийн холимог сэлэл­тэд өнгөрсөн жил Шан­хайд болсон ДАШТ-д 15 настайдаа түрүүлж, спорт сонирхогчдын танил бол­сон БНХАУ-ын Юу Шивен 4:28.43 секундын амжилтаар Олимп, дэлхийн дээд амжилтыг эвдэж, түрүүллээ. Ингэснээр өдгөө 16 настай нанхиад охин “Лондон-2012” Олимпийн наадмын анхны рекордч болон бүртгэгдлээ. Энэ зайд мөнгөн медалийг “Сэм авга”-ын Элизабет Бейсел 4:31.27, хүрлийг БНХАУ-ын Ли Суанху 4.32.91 секундын амжилтаар хүртэв.
 
Эмэгтэйчүүдийн 4x100 метрийн чөлөөт сэлэл­тэд “Ногоон тив” Австралийн бүсгүйчүүд 3:33.15 секун­дээр Олимпийн рекорд тогтоож, түрүүллээ. Харин Нидерланд 3:33.79 секундээр аман хүзүүдсэн бол Наталья Кохлин, Аманда Вейр нарын шилдэг тамирчидтай АНУ-ын хүүхнүүд 3:34.24 секундын амжилтаар хүрэл дээр буулаа. 
 
Ван Минжуан улсынхаа дөрөв дэх алтыг авчирлаа
Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн медальтнууд тодорлоо. Нийт 14 тамирчин өрсөлдсөн тэмцээнд дэлхийн дөрвөн удаагийн аварга БНХАУ-ын Ван Минжуан нийлбэр өргөлтөөр 205 кг (114 огцом+91 түлхэлт) өргөж, алтан медаль хүртэв. Харин Японы Хироми Мияаке 197 (110+87), БНАСАУ-ын Риан Чун Хва 192 кг (112+80) -аар мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. 
 
Казах дугуйчин хөгшрөх болоогүй
Дугуйн эрэгтэйчүүдийн 250 км-ын уралдаанд 63 орны 144 төмөр хүлэгтэн хурдаа сорьсноос Казахстаны 38 настай хашир туршлагатай дугуйчин Александр Винокуров таван цаг, 45 минут 57 секундын амжилтаар түрүүллээ. Харин Колумбийн залуу тамирчин Ригоберто Уран 5:45:57, Норвегийн Александр Кристофф 5:46:05 амжилтаар шагналын тавцанд гишгэв. Тус уралдаанд Испанийн Алехандро Валверде 18, Бельгийн Том Бунен 28, эзэн орны Марк Кавендиш 29, ОХУ-ын Денис Меньшов 98, энэ жилийн “Тур де Франс”-ын аварга Их Британийн Брэдли Уиггинс 103, Швейцарийн Фабиан Канчеллара 106 дугаар байрт оржээ.
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш