logo
Зуны Олимпын ХХХ наадам өндөрлөлөө

Зуны Олимпын ХХХ наадам өндөрлөлөө

2012/08/13

Зуны Олимпын ХХХ наадам долоодугаар сарын 27-ны өдрөөс наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл хоёр долоо хоногийн турш дэлхий нийтийн зүрх сэтгэлийг хөдөлгөж, гайхамшигтай мөчүүдээр дүүрэн өнгөрлөө.
Наадмын хаалтын ёслолын ажиллагаа өнгөрсөн шөнө Их Британийн нийслэл Лондон хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд явагдаж өндөрлөлөө. Ёслолын арга хэмжээг дуучин  Эмили Санде нээсэн бөгөөд The Queen, Pet Shop Boys, One Direction, Fatboy Slim, Jessie J, Жорж Майкл, Рассел Брэнд, Энни Леннокс,  Madness,  The Who болон бусад хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөжээ.


 

Мөн наадамд алдарт Spice Girls хамтлагийнхан эргэн нэгдэж тун гайхамшигтай тоглолт үзүүлсэн юм. Тус хамтлаг нь 2008 оны хоёрдугаар сараас хойш бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзан дээр гарч ирээгүй байсан билээ.

The Queen хамтлагийн алдарт дуучин Фредди Меркуригийн видео тоглолт гарсны дараа хамтлагийн гитарчин Брайан Мэй, бөмбөрчин Рожер Тэйлор нар “We Will Rock You” дууг дуулж эхлэхэд дуучин Jessie J тэдэнтэй нэгдэв.

Түүнчлэн ёслолын арга хэмжээнд Их Британийн алдарт загвар өмсөгчид болох Кэйт Мосс, Наоми Кэмпбелл, Лили Коул, Жоржиа Мэй Жаггер нар Дэвид Боуигийн “Fashion” , “Rebel Rebel” дуунууд дээр алхан гарч ирсэн юм.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны олимпын ХХХ наадмын сүлд дуу болсон “Survival” дууг Muse  хамтлаг мөн хаалтын арга хэмжээнд дууллаа. Саяхан өгсөн ярилцлагадаа хамтлагийн бөмбөрчин “Бид энэ дуугаараа үнэхээр бахархаж байна. Энэ дуу нь ялалтанд тэмүүлэх сэтгэлийн хат, хүч чадлыг билэгдсэн спортын жинхэнэ сүлд дуу болж чадсан” хэмээж байсан билээ.

Үүний дараа Лондон хотын засаг дарга Борис Жонсон Олимпын далбааг барин гарч ирлээ. Борис Жонсон далбааг Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Жак Роггед  өгөхөд тэрбээр дараагийн Олимпын наадмын зохион байгуулагч хот болох Рио де Жанейрогийн захирагчид гардуулан өглөө. Ингээд Бразилийн сүлд дуу эгшиглэж жинхэнэ бразиль карнавал эхлэв. Бразилийн бүжигчид тод өнгийн гялалзсан хувцас сэтгэл татам бүжгээрээ олныг гайхашруулсан юм. Үүний дараа алдарт хөлбөмбөгчин Пеле гарч ирлээ. Тэрбээр өөрийн 10 дугаартай цамцаа өмссөн байлаа.


 

Дараагийн Олимпын наадам Бразилийн Рио де Жанейро хотод 2016 оны наймдугаар сарын 5-21-ний хооронд болох бөгөөд энэ нь Өмнөд Америкт зохион байгуулагдах гэж байгаа анхны олимп юм.

Олимпын хорооны ерөнхийлөгч Жак Рогге хаалтын ёслолын арга хэмжээнд үг хэлэхдээ наадмыг зохион байгуулагчдад баярлаж талархснаа илэрхийлэв. Мөн тамирчид, тус арга хэмжээг үзэхээр ирсэн дэлхийн сая сая үзэгчид болон хөгжөөн дэмжигчдийн ая тухтай байдлыг хангаж чадсан хотын захиргаа болон Их Британи улсад мөн талархсанаа илэрхийлэв. Түүнчлэн тэрбээр сайн дурынхны ач тусыг мартахгүй гэдгээ хэлээд үзэгч олонд хандан ийм сайхан уур амьсгал цогцлоосонд бас баярлаж байна гэсэн юм.

Ингээд ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге Олимпын наадам хаагдсаныг мэдэгдэв. Хаалтын төгсгөлд The Who хамтлаг ая дуугаа өргөхөд Олимпын цэнгэлдэх хүрээлэнд ёслолын буудлага буудаж Лондонгийн тэнгэрийг гэрэлтүүлсэн юм. Үүний дараа Олимпын бамбар унтарлаа.


 

А.Цацрал

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш