logo
Төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалт бүрэн цахимжсан

Төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалт бүрэн цахимжсан

2012/07/31
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

УЕПГ-аас орон нутгийн прокурорын байгууллагуудыг байртай болгох, боловсон хүчнээ сэлгэж ажиллах нөхцлийг бүрдүүлэх талаар анхаарч аймаг бүрт прокурорын мэдлийн орон сууцны байртай болохоор ажиллаж байгаа. Ажиллагсдын ажлын ачааллыг жигдлэх, давтан сургалтад хамруулах, хэргийн явц байдалтай шуурхай танилцаж мэдээлэл солилцох теле хурал хийх, онлайн сүлжээнд холбох зэрэг ажлуудыг хийж эхлээд байгаа зэргийг Ерөнхий прокурор Д.Дорлигжав танилцуулав.

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн сонгуулийн маргаантай асуудлуудыг шийдэхэд хэр удах талаар тодруулсан. Ерөнхий прокурор Д.Дорлигжав “Холбогдох байгууллагуудтай ярилцсан. Аль болох шуурхай, шударгаар шийдэх болно. Энэ удаагийн сонгуулийн маргаантай асуудлуудыг үнэн зөв шийдэхгүй бол дараа дараагийн сонгуульд сөрөг нөлөөтэй. Мөн УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын талаар хуульд зарим өөрчлөлт оруулахгүй бол эрх зүйн хувьд зохицуулалтгүй хүндрэлтэй асуудлууд бий. Энэ талаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг яаралтай баталвал сайн байна” гэлээ.

Харин Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсанаас хойш шинээр батлагдаж байгаа хуулиудтай холбогдуулан ажил үүрэг нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Тус хорооноос хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарал тавин ажиллаж байна хэмээн СЗХ-ны дарга Д.Баярсайхан мэдээлэв. Тухайлбал, Инновацийн хууль, Зээлийн батлан даалтын тухай, Жолоочийн даатгалын тухай, Банкны тухай, Компанийн тухай, Хадгаламж зээлийн хоршооны тухай болон Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулиудын хэрэгжилтийг хангахад анхаарч байгаа аж.

Төрийн албаны зөвлөлийн хувьд сонгон шалгaруулалттай холбоотойгоор өмнө нь олон гомдол гардаг байсан нь больж, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт бүрэн цахимжсан гэдгийг тус зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам дуулгав. Харин сонгон шалгаруулалтад ороод нэгдүгээрт орсон ч санал болгосон тухайн албан тушаалд очихгүй байх тохиолдол багагүй гардаг байна. Эн нь тухайн зарлагдсан албан тушаалд рчих гэж шалгалт өгөөгүй харин нөөцөд орохын тулд шалгалтад орсон гэсэн тайлбарыг хүмүүс өгдөг ажээ. Иймд шалгалтын дүнгээр нэгдүгээрт орсон ч тухайн зарлагдсан албан тушаалд очихгүй тохиолдолд cap хүлээгээд шалгалтын дүнг хүчингүй болгох журамд шилжээд байгаа гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд “Ашиг сонирхлын тухай хууль үйлчилж эхлээд байгаа. Зарим сумдын Тамгын газарт хамаатан садангууд ажиллах явдал их гарч байна. Энэ нь ёс зүйд нийцэхгүй. Иймд Ашиг сонирхлын хуультай холбогдуулж энэ асуудал дээр анхаарч ажиллах хэрэгтэй” гэж анхаарууллаа.

Түүнчлэн УИХ-ын дарга дөнгөж их, дээд сургууль төгссөн хүнийг ажилд авах зохицуулалтын талаар тодруулсан юм.

Өмнө нь их, дээд сургууль дөнгөж төгссөн хүнийг төрийн албанд заавал нэгээс хоёр жил ажилласан байх ёстой гэсэн босго тавьдаг байсан. Харин одоо их, дээд сургууль төгсөгчид сул орон тоон дээр өрсөлдөх боломжтой. Ажилласан жил шаардахгүй, туслах, дэс түшмэлийн албан тушаалд ажиллах боломжтой гэсэн хариултыг Д.Зүмбэрэллхам дарга өгөв. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш