logo
Н.Энхбаярын хэрэгт гэрч оролцуулахыг хүслээ

Н.Энхбаярын хэрэгт гэрч оролцуулахыг хүслээ

2012/07/31
МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох долоон тэрбумын авлигын хэргийн шүүх хурал өнөөдөр болно.

Түүний өмгөөлөгч С.Нарангэрэл Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд гэрч, хохирогч, шинжээч нарыг заавал оролцуулах тухай албан бичгийг хүргүүлжээ.

Албан бичигт "МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд мөрдөн байцаалтын ажиллагааг нэг талыг барьж, олон хүнийг хоморголон баривчилсан. Тиймээс Н.Энхбаярыг холбогдуулсан хэргийн болж өнгөрсөн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлох, шүүгдэгчийн яллах, цагаатгах нөхцөл байдлыг бүрэн тогтоохын тулд дараах гэрч, хохирогч, шинжээчийг шүүх хуралдаанд заавал биечлэн оролцуулах зайлшгүй шаардлагатай байна" гэжээ.

Үүнд гэрчээр Д.Чойжамц, Ц.Баатарсайхан, М.Биндэръяа, Б.Эрдэнэбилэг, Н.Баасанжав, Ц.Мөнх-Оргил, Д.Сугар, Ш.Алимаа, Ш.Батбаяр, Г.Нинжин, Б.Баатар, Ц.Батбаяр, Н.Болормаа, Ш.Раднаасэд, М.Бадамжунай, Х.Наранхүү, хохирогчоор Н.Нанзаддорж, Д.Батбилэг, О.Машбат, М.Энхболд, шинжээчээр Г.Наранцэцэг, Р.Зоригт, Ж.Уртнасан нарыг заавал шүүх хуралд оролцуулах хэрэгтэй гэсэн байна.

Хэрэв өмгөөлөгчийн гаргасан энэ хүсэлтийг шүүх хүлээн аваагүй тохиолдолд ЭБШХ-ийн 318 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэгдэх аж.

ЭБШХ-ийн 318.2.1-т хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй бол шүүхийн тогтоол хүчингүй болох үндэслэлтэйг анхааруулжээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд тавдугаар сарын 24-ны өдөр анх товлогдож байсан. Харин шүүгдэгчдийн эрүүл мэндийн байдал, өмгөөлөгчдөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгчтэй болсон гэх шалтгаанаар таван удаа хойшлогдсон.

Л.Шинэн, Б.Ганбаатар, О.Баасанхүү, Н.Оюунбилэг, О.Сайнгэрэл, С.Нарангэрэл гээд түүнд үйлчилж, хүчин зүтгэсэн өмгөөлөгчид. Харин одоо түүний өмгөөлөгчөөр академич С.Нарангэрэл ажиллаж байгаа юм.

Тэрбээр "Энэ хэрэгтэй танилцахад дор хаяж хоёр сарын хугацаа шаардлагатай. Бүрэн танилцсаныхаа дараа эрхзүйн дүгнэлт гаргана. Хэт улстөржсөн, хүний эрхийг уландаа гишгэсэн хэрэг учраас хавтаст хэргийн материалтай нэг бүрчлэн танилцана. Хоёрдугаарт, шүүгдэгчид өөрийгөө гэм буруугүйд тооцох ямар ч мэдүүлэг, нотлох баримтыг гаргуулаагүй юм байна" гэв.

Экс ерөнхийлөгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар буруутгаад буй. Хэрвээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу бүх эд хөрөнгийг хурааж, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм.

Э.Энхцолмон

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш