logo
Одоо байтлаа хүнээр боодог хийдэг болж

Одоо байтлаа хүнээр боодог хийдэг болж

2012/07/31
“Хүний махан хүнстэнгүүд, хүрэл чулуун зүрхтэнгүүд” гэх аймшигт “магтаал” бол монгол бөөгийн тамалга, дуудлага гэдгийг мэдэх хүн мундахгүй биз. Яагаад гэж үү? Яагаад гэвэл, монголчууд бөө, бөх хоёроороо ёстой хахаж байна. Тэгэхээр тэдний зан үйлийг хүссэн ч, эс хүссэн ч мэдэхээс яахав. Бөө гэж хэн болохыг мэддэггүй багачууд ч алга даа. Зарим нь, бөөлж хэл, хөлд ордог болсон гэхэд хилсдэхгүй. “Манай тэр бөө болжээ. Нөгөөх чинь бөө болчихсон тууж явна. Манай гэрийн хэн нэгнийг бөө болох ёстой гэсэн. Манайх хоёр талын бөөгийн удамтай айл байгаа юм. Бөөгийн хувцас, хэрэглэл урладаг хүн байна уу? Бөөгийн онгод дуудаад өгөх чадалтай увдистан танихгүй биз.

Бөө болоход 10 сая төгрөгийн ханштай болжээ”. Энэ бол бараг бидний өдөр тутам сонсдог үг, яриа юм. Албан ажил дээр, автобусанд, гудамжинд, хаа л бол хаана ийм үг, яриа чих “мялайх” нь энүүхэнд. Зөвхөн миний мэдэх, таних бөөгийн тоо 100 гарсан байна. Би тоолж үзсэн юм шүү. Багаар бодоход л тэр. Хамгийн дотны хоёр найз минь ч бөө билээ. Тэгэхээр бөөгийн талаар бусдыг бодвол түлхүү мэднэ л дээ. Гэхдээ энэ удаа бөөгийн түүх, домог ярих гэсэнгүй. Бөөгийн гайхамшиг бус гай, барцадын талаар хүргэхийг хүслээ. Бөө гэдэг ерөнхий нэр бөгөөд энэ чиглэлийн “мэргэжилтнүүд”-ийм эрийг зайран, эмийг нь удган гэх бөлгөө. Мэргэжилтэн гэдэг үгэнд бүү эмзэглээрэй. Мэргэжлийн түвшинд хүрч явна гэхээр болжээ. Эрдмийн зэрэг цол мэт зэрэг, дэв ч олгодог болсон гэх. “Өрх бүр архичинтай болсон” хэмээн нэг хэсэг ярьдаг байсан бол одоо “Өрх бүр бөөтэй болсон” гэх болжээ. Бараг үнэн байх.

Гэр бүлээрээ бөө болчихсон айл ч цөөнгүй. Ерээд оноос цухалзаж эхэлсэн эл үзэгдэл одоо бүр хавтгайрчээ. Байтлаа, танхай залуусын мөнгө олох арга болсон байна. Мөнгө олоод зогсож байвал ч дүүрчээ, мөнгө олохын тулд хүний аминд хүрдэг болсон нь харамсалтай, бас аймаар аа. “Бөө болгож өгнө” гээд буцлам халуун усанд шалзалж алсан тохиолдол өнгөрсөн жил гарсан билээ. Олныг цочирдуулсан энэ хэрэг тэгсхийгээд чимээгүй болсон. Эрхбиш нэг тийш болоо биз. “Одоохон 10 сая төгрөг авчирахгүй бол, орон гэрийг чинь сүйтгэнэ. Машин тэргийг чинь мөргөлдүүлнэ, шатаана” хэмээн улаан цагаан дарамталдаг бөө нар олширсныг ч мэдээлэх болов.

Өнгөрсөн долоон хоногт Өвөрхангайд гарсан хэрэг ёстой аймаарын ангилалд жинхэнэ багтана даа. Зэрлэгүүд ч хүнийг ингэж шардаггүй байсанд итгэнэм. Тэд шарахынхаа өмнө “гаргадаг” байсан нь ойлгомжтой. Өнөө бөө залуус харин, амьд хүнээр боодог хийчихсэн байгаа юм. Хэсэг залуус өөрсдийгөө бөө гэж итгүүлээд, хүссэн хүнд  нь туслахаар болжээ. Хар усанд толгойгоо мэдүүлсэн нэгэн эр хадаг бариад тэдэнд ханджээ. Хадаг яндартайгаа хамт хэд, гурван “юм” өргөсөн нь ч мэдээж шүү дээ. Ингээд түүнийг архинаас гаргахаар их хөлийн газраас дайжуулан хээр аваачжээ. Халуун чулуу бэлдэж, гал түлээд, хачин, хачин авирласан юм байх. Итгэл бишрэл бүхнээс хүчтэй хойно, ингэнэ чинээ санаагүй нөгөө нөхөр өнөөх чулуун дээр нь хэвтээд өгөхгүй юү. Ийнхүү хүний боодог бэлэн болжээ.

Бүгд нэгийгээ даган бөө болсон гэх тэдгээр залуус бүрэн дунд боловсролтой гэж байгаа. Бөөгийн талын боловсролоо дээшлүүлэхээр хөдөө явцгаасан бололтой. Энэ хэдхэн тохиолдол юу хэлээд байна вэ гэвэл, нэгд, бөөг аттестатчилъя. Хоёрт, албан ёсны болгосон ч яадаг юм. Тэр академи, макадеми нь цол чимэг, үнэмлэх тэмдгээ олгодог юм байгаа биз. Тийм хүмүүсийг албан ёсоор “зайран, удган” хэмээгээд, тийшээ зүглэгсдийг нэг талдаа хамгаалалтад авахгүй бол энэ мэтчилэн тун горьгүй юм олон тохиох нь ээ. Цаашид ч тэгэхийг үгүйсгэх аргагүй.  Цөөхөн монголчууд ийнхүү бие биеэрээ боодог хийчихвэл хэн хариуцлагыг нь хүлээх болж байна аа. Бөөг ер нь нэн даруй эмхлэхгүй аваас цадиггүй зүйл их гарах төлөвтэй. Хэрхэхийг төр нь ч юм уу, төрийн бус байгууллагууд мэднэ биз. Хэрхэхээ бид өөрсдөө бас мэдэцгээе. “Зайранд очих хэрэг заавал бий юү?” гэдгийг тунгаах цаг иржээ.

 

Г.Мөнх

Short URL: http://sharmedee.mn/?p=13331

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш