logo
Кембрижийн сургалтад зориулж, сурах бичгийг шинэчлэх болоогүй

Кембрижийн сургалтад зориулж, сурах бичгийг шинэчлэх болоогүй

2012/07/31
Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сурах бичиг хүлээгдэхээс эхлээд энэ талын олон асуудал босч ирдэг. Харин энэ жилийн хувьд нийт 89 нэр төрлийн 1315348 ширхэг сурах бичгийг ирэх сард багтаан нийлүүлэхээр болсон нь ямар ч гэсэн хүлээлт үүсгэхээргүй болгожээ. Гэсэн хэдий ч сурах бичиг бизнес болсон уу, хүрэлцээ нь хэр байх вэ, дээрээс нь Монгол Улс өнгөрсөн жилээс Кембрижийн сургалтын стандартыг туршиж эхэлсэнтэй холбогдуулан сурах бичигт өөрчлөлт орсон уу зэрэг олон асуулт урган гарч ирлээ. Энэ талаар БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Ч.Ганцэцэгтэй ярилцав.

-Хичээлийн шинэ жил эхлэхэд нэг сарын хугацаа үлдлээ. Сурах бичиг бэлтгэх ажил ямар түвшинд явж байна?
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2012-2013 оны хичээлийн жилийн сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил үндсэндээ дуусах шатандаа явж байна. 12 жилийн сургалтад шилжиж байгаатай холбогдуулан тав, 10 дугаар ангийн нийт 27 нэр төрлийн сурах бичгийг шинээр зохиож, хэвлэх ажлыг бүрэн дуусгалаа.
Сурах бичгийг дүүр­гүүдийн Боловсролын хэлтэс, аймгийн Боловсрол, соёлын газруудад хүргэж байна. Үндсэндээ тухайн сурах бичгийг хэвлэсэн газрууд нь энэ ажлыг гүйцэтгээд дуусч байгаа. Мөн өмнөх онуудад зохиогдсон сурах бичгүүдийг дахин нөхөн хангалтаар хэвлэх ажил хийдэг. Нөхөн хангалтаар 62 нэр төрлийн сурах бичгийг хэвлэх ажил 90 орчим хувьтай явж байна.
-Жил бүр сурах бичиг хүлээгдэх асуудал гардаг. Үүнийг энэ жил бүрэн шийдсэн гэж ойлголоо. Харин сурах бичгийн хүрэлцээний тухайд?
-ЕБС-ийн бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс даах шийдвэр 2009 онд гараад хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр бага ангийн сурах бичгийг хүүхдийн тоогоор хүрэлцээтэй, хангалттай байдлаар хэвлэн нийлүүлж байгаа. Хүүхдүүдэд номын сангаар дамжуулан эдгээр сурах бичгүүдийг үнэгүй хэрэглүүлдэг. Энэ номын сангийн номуудын жилийн элэгдэл, хорогдлыг тооцож, жил, жилд тодорхой хувиар нөхөн хангалт хийдэг.
Дунд, ахлах ангийн сурагчдын хувьд нийгмийн эмзэг бүлгийн буюу бүтэн, хагас өнчин, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд зориулж, нийт хүүхдийн 40 хувийг сурах бичгээр үнэгүй хангана. Үлдсэн 60 хувь нь сурах бичгээ зах зээлээс худалдаж авна гэсэн үг. Зах зээлд нийлүүлэх сурах бичгүүдийг хэвлэлийн газруудтай гэрээ хийгээд худалдаанд гаргачихсан.
-Гадуур худалдаалж байгаа номын дундаж үнэ хэд байх вэ?
-Сурах бичгийн үнийн тухай асуудлыг БСШУЯ-аас тухайн сурах бичгийг хэвлэж байгаа газруудтай тохиролцож, үнийн дээд хязгаарыг тогтоож өгсөн. Сурах бичиг болгон хэвлэлийн хуудасны зузаан, нимгэнээс шалтгаалан харилцан адилгүй үнэтэй байгаа. Дунд ангийн сурах бичиг 2200, ахлах ангийнх нь 3420 төгрөгний дундаж үнэтэй байна. Энэ бол дундаж үнэ учраас үүнээс бага зэрэг үнийн өөрчлөлттэй байж болно.
-Дамлан худалдаалахаас сэргийлж чадах уу?
-Бид Боловсрол, соёлын газрууд руу тийм компаний сурах бичгүүд ийм, ийм цэгүүдэд худалдаалагдана гэсэн мэдээллийг өгчихсөн байгаа. Боловсрол, соёлын газар нь сургууль, эцэг, эхчүүдэд нь мэдээлэх учраас тодорхой цэгүүд дээрээс тохирсон үнээр номоо авах боломжтой. Мөн тухайн хэвлэлийн газруудын ном түгээх цэгүүдээр зарагдана.
-Энэ жилийн хувьд 27 сурах бичиг шинээр гарсан гэсэн. Ийм олон төрлийн сурах бичиг шинээр зохиох болсон шалтаан нь юу вэ?
-Бид 2008 оноос эхлээд ЕБС-ийг 11-ээс 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх ажлыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Энэ төлөвлөгөөний дагуу жилд хоёр анги 12 жилийн тогтолцоонд шилжиж байна. Тэгэхээр энэ ангиудын сурах бичиг шинээр боловсруулсан хөтөлбөрийнхөө дагуу шинэчлэгдэж байна. Тухайлбал, 2011-2012 оны хичээлийн жилд дөрөв, ес, 2012-2013 онд тав, 10 дугаар ангийн сурах бичгийг шинэчилсэн.
-Дахин хэвлэлтэд орохгүй, хэрэглэгдэхгүй хоцорч байгаа ном бий юу. Хүмүүс нэг жил хэрэглээд нөгөө ном нь хэрэггүй болдог талаар нэлээд шүүмжлэлттэй ханддаг. Энэ талаар?
-Тийм юм байхгүй. Хуучин 11 жилийн тогтолцооны үед нэг хэсэг олон хувилбартай сурах бичиг хэрэглэж байсан. Одоо тийм зүйл байхгүй. Нөхөн хангах шаардлагатай хоёр, гурван жилийн өмнө хэвлэсэн сурах бичгүүдийг тодорхой хувиар нөхөн хэвлэж, тухайн ангид нь ижил хувиар нийлүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг хэвлэгдсэн ном нь хэрэглээнд ороод эргэж нөхөгдөөд байж байна. Хэрэгцээ үүссэн үед л шинээр зохиохоос биш хуучин номоо л хэрэглэнэ.
-Тавдугаар ангийн су­рах бичгийг казак хэл рүү орчуулж байгаа гэсэн. Энэ ажил хэр явж байна. Хүндрэл бэрхшээл гарч байна уу?
-Казаз сурах бичгүүд одоо хэвлэгдэхээр шилжээд байна. 2000 гаруйхан хувь хэвлэдэг болохоор хүндрэл бэрхшээл гарах нь гайгүй. Долоо хоногийн дотор л хэвлэчихнэ. Зөвхөн бага ангийн хүүхдүүдийн сурах бичгийг л казак хэл рүү орчуулдаг. Энэ жил тавду­гаар ангийнхыг орчуулсан. Нэгдүгээр ангийн сурах бичгийг 2008, хоёрдугаар анги 2009, гуравдугаар ангийг 2010 онд гэж явсаар энэ жил тавдугаар ангийн сурах бичгийг орчуулж байна. Мэдээж сурах бичиг болгоныг орчуулахгүй. Тухайлбал, монгол, казак, англи хэлний сурах бичгийг орчуулна гэж байхгүй. Харин бусад тавдугаар ангийн хичээлийн бүх сурах бичгийг орчуулж байгаа.
-Хэвлэх компани болон номын зохиогчдыг хэрхэн сонгодог вэ?
-Хэвлэлийн газруудыг шалгаруулахдаа төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн дагуу энэ жилийн сонгон шалгаруулалтаа нэгдүгээр сард зохион байгуулсан. Зохиогчдын хувьд БСШУЯ, Боловсролын хүрээлэн хамтраад сурах бичгийн зохиогчдын багийг тусгай хууль журмынх нь дагуу сонгон шалгаруулдаг.
-Өнгөрсөн жилээс Кемб­рижийн сургалтын стандар­тыг Монголд туршилтаар нэвтрүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор сурах бичигт өөрчлөлт орсон уу?
-Кембрижийн стандартыг өнгөрсөн оноос шууд нэвт­рүүлчихсэн юм биш. Кембрижийн сургалтын стан­­дарт хөтөлбөрт барим­жаалаад үндэснийхээ стан­дарт хөтөлбөрийг шинэчлэх ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Үүнийг тодорхой сургуулиудад туршсан бай­гаа. Тэгэхээр шинэчлэх ажил ид дундаа явж байгаа гэсэн үг. Ер нь эцэслэж хийгдээгүй учраас сурах бичгийг шинэчлэх арай болоогүй байна. Яг стандарт нь бүрэн гарсан тохиолдолд түүндээ нийцүүлээд сурах бичиг шинэчлэх ажлаа хийнэ.
-Энэ стандартыг туршиж байгаа сургуулиудын хувьд тэгэхээр ямар сурах бичиг ашиглана гэсэн үг вэ?
-Энэ жилийн хувьд яг хөтөлбөртөө зориулсан сур­галтын материалууд бэлдээд явж байна. Ямар нэгэн ном бэлдээгүй.
-Ерөнхийдөө сурах би­чиг худалдаанд гараад эхэлчихсэн учраас хүүхдүүд номтойгоо хичээлийн шинэ жилтэй золгоно гэж ойлгож болох нь ээ?
-Тодорхой цэгүүд дээр ном, сурах бичиг худалдаалагдаад эхэлчихсэн. Харин одоогийн байдлаар худалдан авалт цөөн байна. Наймдугаар сар гараад эрэлт ихсэх байх гэж бодож байна. Тэгэхээр есдүгээр сарын нэгэн гэхэд бүх төрлийн сурах бичгүүд сургуулиуддаа хүрчихнэ гэж ойлгож болно.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш