logo
Шүүх хурал сунжирч шүүгдэгч нар “залхав”

Шүүх хурал сунжирч шүүгдэгч нар “залхав”

2012/08/02
Экс ерөнхийлөгчид холбогдох хэргийн шүүх хурал хоёр өдрийн турш үргэлжиллээ. Гэсэн хэдий ч эцсийн дүгнэлт гараагүй байна.

Шүүх хурал өглөөний 10.00 цагт эхэлсэн хэдий ч гэрчүүд болох Х.Наранхүү, Ц.Мөнх-Оргил нар мэдүүлэг өгснөөр хаалттай хэлэлцэгдсэн юм. Үүнийг зарим эх сурвалжууд “хаалттай хаалганы цаана гэрч нар хэрхэн авирлаж, хэнийг эрээ цээргүйгээр гүтгэж байгаа гэдгийг мэдэх боломжгүй боллоо” хэмээн ундуйцаж байв.

Ийнхүү өдрийн 14.00 цагийн орчимд түр завсарласан шүүх хурал дахин хуралдаж хэвлэлийнхэнд үүдээ нээлээ. Энэ удаагийн шүүх хурал мэтгэлцээний журмаар явагдаж буй учир өмгөөлөгч болоод улсын яллагч нарт асуух зүйл олон байсан. Түүгээр ч зогсохгүй нотлох баримтуудыг хангалттай тайлбарласан юм.

Экс ерөнхийлөгчийг дараах таван хэргээр буруутган шүүж буй. Үүнд, “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбоотой асуудал, “ТВ-9” телевизийг хууль бусаар байгуулсан, “Эрдэнэт” үйлдвэртэй ган бөмбөлөг нийлүүлсэн хэрэг, Баянзүрх дүүргийн VII хороо, Энхтайваны гудамжны 104 тоотыг 630 мянган ам.доллараар худалдан авсан зэрэг нийт долоон тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байгаа. Тэгвэл өнгөрөгч сарын 31- ний байдлаар шүүх хурлын үеэр “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбоотой асуудлыг хэлэлцэх ч биш, хэрэлдэх ч биш байдалтайгаар хэлэлцэж өнгөрүүлсэн. Тэгвэл өчигдөр мөн л адил хэлбэрээр шүүхийн үйл ажиллагаа үргэлжлэв.

Н.Энхбаярт ял оногдуулах уу, эсвэл цагаатгах уу....

Энэ асуулт эмгэд, өвгөдийн толгойн өвчин боллоо. Төрийн тэргүүн байсан энэ хүнийг улсын хөрөнгийг уландаа гишгэж, хувьдаа завшиж хувааж иднэ гэж хэн санах билээ. Итгэж, шүтэж явсан экс “фен”-үүдийнхээ сэтгэлийг гонсойлгож, зүрхийг шархлуулж эрүүгийн хуулиар шийтгүүлэх дээрээ тулсан нь харамсалтай хэрэг.

Өнгөрсөн хугацаанд өмгөөлөгч нэрийдлээр хэд хэдэн удаа хойшилсон энэ хэргийг эцэслэн шийдүүлэхийг иргэд хүссэн. Гэхдээ шүүх хурлын үеэр элдэв янзын цуу яриа энд тэндгүй тархаж экс ерөнхийлөгчид таван жилийн ял төлөвлөжээ хэмээн бор шувуу нисгэсэн. Зарим нь “Н.Энхбаярт холбогдуулаад байгаа хэрэг улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт” хэмээн ярих нь ч дуулдав.

Энэ мэтээр иргэд шүүхийн шийдвэрт таавар дэвшүүлж сууна. Дашрамд өгүүлэхэд, уг шүүх хуралд Н.Энхбаяраас гадна До.Чулаанбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар шүүгдэж буй юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар буруутган ял төлөвлөсөн билээ. Дугаар шилжих мөчид (19.00 цагт ) шүүх хурал үргэлжилж байлаа.

Б.Чанцал
Эх сурвалж: Нийгмийн толь
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш