logo
Цахим үнэмлэх 20 мянган төгрөгт багтаж байна

Цахим үнэмлэх 20 мянган төгрөгт багтаж байна

2012/08/02
11 аймгийн иргэдэд тараах цахим үнэмлэх бэлэн болжээ

УБЕГ-ын дарга Л.Амарсанаа, дэд дарга Г.Билгүүн, Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ариунболд нар иргэний цахим үнэмлэхийн хэвлэлтийн асуудлаар мэдээлэл өглөө.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-наас энэ оны зургадугаар сарын 1-нийг хүртэл иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, хүчингүй болсон 132 мянган иргэнээс лавлагаа авч цахим үнэмлэхийг хэвлэжээ. УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зургадугаар сарын 28-ныг дуустал зогсоож, дээрх хугацаанд шилжилт хөдөлгөөн хийлгээгүй иргэдийн бүртгэлийг долдугаар сарын 2-10- ныг хүртэл хийсэн байна.

Ингээд цахим үнэмлэх хэвлэх ажлыг долдугаар сарын 16-наас эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар 11 аймгийн цахим үнэмлэх хэвлэх ажил эхэлжээ. Одоогийн байдлаар Говь-Алтай, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Завхан, Ховд, Увс, Дорнод аймгийн иргэний цахим үнэмлэхийг хийж Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Өмнөговь, Завханд үнэмлэхийг нь хүргүүлжээ.

Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж буйг УБЕГ-ын дарга Л.Амарсанаа дуулгалаа.

Орон нутгийн сонгуулиас өмнө цахим үнэмлэхний хэвлэлт дуусна

Иргэний үнэмлэх хэвлэх үйлдвэрийн ажилтнууд хоногт хоёр ээлж болон 24 цагаар ажиллаж, өдөрт дунджаар 20 орчим мянган иргэний үнэмлэхийг хэвлэж буй ажээ. Нэг цахим үнэмлэхний бэлдэцийн үнэ 9800 төгрөг, нийтдээ 20 орчим мянган төгрөгөөр нэг үнэмлэх үйлдвэрээс гарч байгаа бөгөөд эхний удаа иргэдэд үнэ төлбөргүй олгох юм.

Өнөөдөр Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн иргэдийн цахим үнэмлэхийг нэг машин дээр, нөгөө машин дээр нийслэлийн иргэдийн үнэмлэхийг хэвлэх ажээ. Хамгийн эхлээд Баянзүрх дүүргийн иргэдийн үнэмлэхийг хэвлэхээр болжээ. Нийслэлийн дүүргүүдээс Налайх дүүргийн иргэдийн үнэмлэхийг аравдугаар сарын 1-нд хэвлэж дуусгаснаар Монгол Улсын иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил дуусч байгааг онцоллоо.

Орон нутгийн сонгуулийн өмнө ийнхүү иргэний цахим үнэмлэхийн хэвлэлт дуусна гэдгийг Л.Амарсанаа дарга хэллээ.

Аравдугаар сар гэхэд сонгуулийн насны иргэд үнэмлэхээ авна


Дөрвөн төрлийн сан, болон иргэний 10-аад төрлийн мэдээллийн сан, шинэчилсэн бүртгэлд орсон гэрэл зургийн сан, хурууны хээний сан, регистрийн дугаар зэрэг үзүүлэлтээр шүүж байгаа тул иргэд, сонгогчдын бүртгэл давхцах боломжгүйг Л.Амарсанаа дарга хэлэв.

Цахим үнэмлэх хэвлэх эрх авсан “Бодь” компаниас иргэний үнэмлэхийн нийт нэг сая 989 мянган бэлдэц гэрээний дагуу авах ёстой. Долдугаар сарын 14-ний өдөр гэхэд 88700 бэлдэц, наймдугаар сарын 1-н гэхэд нэг сая 707 мянган бэлдэц авчээ. Одоо 282 мянган бэлдэц дутуу байгаа аж. Үүнийг наймдугаар сарын 20-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Цахим үнэмлэх хэвлэх ажил хэвийн, аравдугаар сар гэхэд сонгуулийн насны бүх иргэн үнэмлэхээ авна гэв.

М.Тунгалаг
Эх сурвалж: Нийгмийн толь
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш