logo
Өртэй байдаг, гэтэл нүүрсээ борлуулж чаддаггүй

Өртэй байдаг, гэтэл нүүрсээ борлуулж чаддаггүй

2012/08/02
Хятадын том болон дунд хэмжээний гангийн үйлдвэрлэлийн ашиг дахин буурсан талаар тус улсын "Ган төмөрлөгийн үйлдвэрийн холбоо"-ноос мэдээллээ.

Их хэмжээний түүхий эд цугларч байгаа нь үнэ унахад нөлөөлжээ. Тус улсын гангийн экспорт хумигдаж, илүүдэл бүтээгдэхүүн хуримтлагдаж байгаа нь Евро бүсээс гаралтай дэлхийн санхүүгийн хямрал улс орнуудын экспортыг хэрхэн унагаж байгаагийн тод жишээ. Хятадын эдийн засгийн энэхүү удаашрал нь манай улсын нүүрсний экспортыг ч мөн гацаажээ. Хилийн боомтоор маш бага хэмжээний нүүрсийг гаргаж, зарим компани нүүрсээ борлуулж чадахгүй зогсонги байдалд орсон тухай мэдээлэл ч байна.

Энэ талаар "Монгол нүүрс" ассоциацийн захирал Т.Нарангаас тодруулахад "Хятадууд гангийн үйлдвэрлэлээ зогсоочихсон. Бүтээгдэхүүнээ хэнд зарахаа мэдэхгүй байгаа. Юун манай нүүрсийг авах манатай. Үнэгүй өгвөл л авах байлгүй. Гол нь үнэ тохирохгүй байна. Урд хөршид нүүрсний үнэ улам унаж байна. 2013, 2014 онд ч үнэ нь сэргэх найдвар харагдахгүй байгаа шүү дээ" гэв.

Арилжааны банкны томоохон зээлдэгчдийн эгнээг уул уурхайн компаниуд эзэлдэг. Үнэтэй тоног төхөөрөмж, техник хэрэгслээ лизингээр авдаг. Олборлосон нүүрсээ боломжийн үнээр борлуулж чадахгүйд хүрээд байгаа нь өр, зээлээ төлөх байтугай татвараа цаг тухайд нь төлөх боломжгүй болгож байгаа гэнэ. Манай улсын экспортын тал хувийг дангаараа эзэлдэг нүүрсний салбар ийнхүү ганхсаар байхад эдийн засгаа хэрхэн аврах тухай асуудал өнөө хэр нь яригдсангүй. Монголд парламентын сонгууль болохтой зэрэгцэн дэлхийн эдийн засгийн хямрал хурдаа авсан. Суудлаа өгөх, өгөхгүйн маргаан Төрийн ордонд өрнөж, Засгийн газрын халаа Сэлгээг хүлээх зуур дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ хэд дахин савлаж, аж ахуйн нэгжүүд ийнхүү алдагдал хүлээгээд эхэллээ. Манай улсын эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал гаднынхныг хүртэл эргэлзэхэд хүргэж, хөрөнгө оруулалт, сонгон шалгаруулалт гээд бүх ажил зогсонги байдалд оржээ.

Гэтэл бидэнд хийх ажил их байдаг. Төсвийн алдагдал энэ оны эхний зургаан сарын байдлаар 574.8 тэрбум төгрөгт хүрсэн бол гадаад худалдааны алдагдал эхний таван сард 940 сая ам.долларыг давчихаж. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар улсын төсөвт 330 тэрбум төгрөг төвлөрүүлэх байснаас 244.8 тэрбум нь төвлөрч, 25.8 хувиар төлөвлөгөө тасарсан мэдээ бий. Европын орнуудын хямрал манай улсын татварын бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгааг Сангийн сайд саяхан хэлсэн.

Уул уурхайг эдийн засгийн салбарын гол зүтгүүр болгож, голланд өвчин туссан манай улсын эдийн засаг инфляцийн хэт дарамттайгаар урагшилж байгааг Монголбанкны эдийн засагчид онцолсон байна билээ.

Хэрэв эдийн засгаа эрүүл байлгая гэвэл уул уурхайг тулгуур багана болгохоос илүүтэй бусад салбарынхаа зүтгүүр нь болгох ёстой гэв. Олон улсад хямрал нүүрлэж, түүхий эд, ашигт малтмалын үнэ хэлбэлзэнгүүт улсын төсөв, татвар хураалт түгшүүрийн байдалд ороод байгаа нь дээрх томьёоллыг төвөггүй батлах шиг. Улс төр, эдийн засгийг салгаж ойлгох аргагүй. Төрийн ажлыг цэгцэлж, стратегийн ордуудаас хүртэх ашгийг тодорхойлж, бусад бизнесийн салбарыг дэмжих бодлогоо хурдасгахгүй бол улсын эдийн засаг улам л ядуурах шинжтэй. Монгол Улсын гадаад өр өнгөрсөн оны сүүлийн байдлаар 9.6 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн баримт бий. Гадаад өр нь санаа зовоох төвшинд хүрчихсэн, улсын төсөв нь алдагдалтай ийм нөхцөлд дэлхий дахиныг хамраад байгаа хямралаас ангид буй юм шиг тайван байж болно гэж үү.

Б.Солонго
Эх сурвалж: Зууны мэдээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш