logo
С.Ням-Очир: Том зорилго тавьсан, түүндээ ч хүрч чадлаа

С.Ням-Очир: Том зорилго тавьсан, түүндээ ч хүрч чадлаа

2012/08/02
Зуны XXX Олимпийн гурав дахь өдөр Монголын жүдоч, олон улсын хэмжээний мастер С.Ням-Очир хүрэл медаль хүртэж, Лан­донг тэнгэрт эх орныхоо далбааг мандууллаа. Ийнхүү Монгол Улс Лондонг Олимпоос анхны медалиа хүртэж, хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр наадамд оролцож буй 205 орноос медалийнхаа тоогоор 27-д эрэмбэлэгдсэн юм.

Монгол түмэн суудлаасаа өндөлзөж, уухай түрж суух тэрхэн агшинд -ийн тайлбарлагчид «Монгол Улсын тамирчин С.Ням- Очир үнэхээр сайхан инээмсэглэх юм. Хэрвээ надаас дэлхийн хамгийн сайхан инээмсэглэдэг хүн хаана байна вэ гэж асуувал би С.Ням-Очирыг зааж өгнө» хэмээн дуу алдсан. Ийнхүү Монголын тамирчин эр бяр, хурд хүчээрээ төдийгүй даруухан нийтийг гайхшируулаад байна. Өчигдөр түүнтэй утсаар холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцсанаа та бүхэндээ хүргэе.

-Зуны XXX Олимпоос хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе?
-Юуны өмнө маш олон хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Аав, ээж, Монголын жүдо бөхийн холбоо, холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Уулын баяжуулах «Эрдэнэт» үйлдвэр, «Хангарьд» спорт клубийн захирал Д.Баясгалан, дасгалжуулагч Ш.Бат-Орших, анх бөхийн спортод хөтөлж оруулсан Ю.Баттогтох багш, бэлтгэл хангалцсан тамирчдадаа баярласнаа илэрхийлье. Манай жүдочдын уриа бол «Хамтын хүч-Амжилт». Баг, хамт олныхоо хүч хөдөлмөрийн үр дүнд медаль хүртсэндээ маш их баяртай байна.

-Медаль хүртэнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Их юм бодож, том зорилго тавьж, бэлтгэл сургуулилтаа хийсэн. Медальд хүрэх зам дардан байдаггүй, маш хэцүү гэдгийг мэдэж байсан. Гэвч зорилгодоо хүрч чадлаа. Маш их баяртай байна.

-Дэвжээн дээр гарах агшинд өөрийнхөө ямар нэгэн давуу талыг мэдэрдэг үү?
-Барилдааны дундуур өөрийгөө хүч сайтай гэдгийг анзаардаг. Техник ч гэсэн муугүй байх.
Уучлаарай, яг одоо манай бөхчүүд барилдах гэж байна. Дараа холбогдоорой гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.

Р.Сайнжаргал: Авьяастай хүн ухаантай байдаг юм
Ингээд манай сурвалжлах багийнхан Лондоны Олимпийн анхны медальтны төрсөн гэрийг зорилоо. Тэднийх олны хөлд дарагджээ. Түүний аав Р.Сайнжаргал «Анхандаа ч хазайхад нь нахийж, унахад нь хамт өвдөг шорооддог байлаа. Хүү минь жилд дөрөв, таван тэмцээнд оролцдог болохоор олон барилдаан үзэж, дассан юм байлгүй. Сүүлийн үед тэгтлээ сандарч догдлохоо больсон» хэмээн ярив. Тэрбээр дуу цөөтэй, сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн юм билээ.

-Хүү тань Лондоны Олимпоос эх орондоо анхны медалийг авч ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Отгон хүү маань хүн төрөлхтний их наадам, Лондоны Олимпоос медаль хүртсэнд их баяртай байна. Миний хүү сүүлийн жилүүдэд бяр чадал, мэх, ухаан нь тэгширч, гайгүй сайн барилдаж, дэлхийн цомын тэмцээнд хэд хэдэн удаа түрүүлсэн. Чансаагаараа дэлхийд зургаадугаар байрт бичигдэх болсон. Тиймээс би хүүгээ Лондоны Олимпоос медаль авч магадгүй хэмээн горьдож байсан. Горьдлого маань талаар болсонгүй.

-Хүрэл медалийн төлөөх барилдааны үеэр та хэр догдлов?
-Сэтгэл дотроо түгшиж байсан ч аль болох биеэ барьж, маани мэгзмээ уншиж, бурхан шүтээндээ залбираад л харж суулаа. Биеэ барихыг хичээсэн ч барилдааны эгзэгтэй агшнуудад өөрийн эрхгүй өсгий дээрээ сууж,суудлаасаа өндөлзсөн. Ялалтын торгон агшинд хөгшнийгөө яах бол гэж харж суулаа. Хөгшин маань ч хашгираад л босоод ирсэн шүү /инээв.сурв/.

-Бээжингийн Олимпод С.Ням-Очирын үеэл ах Д.Нямхүү хүрэл медалийн хөлөө барилдаж, харамсалтайгаар ялагдсан. Гэвч энэ медалийг танай удмынхнаас л авах учиртай байж?
-Хүү маань ахынхаа авч чадаагүй медалийг хүртлээ. Д.Нямхүү бөх тайлбарлаж байсан болохоор аль болох биеэ барьж байсан байх. Гэвч сүүлдээ үг хэлж чадахгүй болтлоо баярлаж догдолсон гэж байна лээ. Монголчуудын хувьд хүрэл медаль ямагт булган сүүлтэй байдаг. Тиймээс Олимпод оролцож байгаа манай тамирчид медаль хүртэж, Олимпийн аварга төрнө гэдэгт итгэлтэй байна.

-Хүүгээ Лондонг зориход нь эцэг хүний хувьд юуг аминчлан захисан бэ?
-Хүү маань тэмцээн бүрийн өмнө төрсөн гэртээ ирж, бурхан шүтээндээ мөргөж, аав, ээж хоёртоо үнсүүлдэг юм. Би явах бүрт нь «Миний хүү, ухаантай, зоригтой барилдана шүү. Бөх хүн биеэрээ барилддаг. Тиймээс биеэ хайрлаж, бэлтгэл болоод амралтаа зохицуулж яваарай» гэж захидаг. Хүү маань ч «Аав аа, битгий санаа зовоорой. Хүү чинь бөхийн эрдэмд сайн суралцаж байгаа» гэдэг.
Сая Олимпод явахад нь хөгшин бид хоёр онгоцны буудал дээр очиж, гаргаж өгөөгүй л дээ.

-Яагаад?
-Сүр бадруулаад яах вэ. Энгийн даруу байсан нь дээр.

-Та нэлээд шүтлэгтэй хүн шиг санагдлаа?
-Би амьдран суугаа газар нутгийнхаа дөрвөн сайхан хайрхан, төрийнхөө сүлдэнд залбирдаг. Мөн ард түмнийхээ сүлд хийморь, төрсөн нутгийнхаа уул, усны лус савдагт залбирна. Хүү маань ч бас уул усаа их шүтдэг. Олимпод явахынхаа өмнө нутагтаа очиж, шүтээн хайрхан, овоо тахилгаа эргээд ирсэн.
Мөн Эрдэнэтийн «Хангарьд» клубийн тамирчин учраас тэнд ч бас шүтэж биширдэг хайрхантай. Түүндээ мөргөж залбираад л явсан. Монгол түмний буян заяа, нутгийнх нь уул, ус хүүгийн минь аз хийморийг түшсэн байх аа.

-Чухал барилдааны үед «Хүү минь алдаа гаргачих вий» гэж бас боддог л байлгүй?
-Миний хүү ихэвчлэн наймаас дээш килограмм хасдаг юм. Жин их хасахаар барилдааны сүүл рүү ядрах тал анзаарагддаг. Тиймээс цагийн сүүлээр ядарчих вий гэж эмээж байлаа. Бэлтгэл сургуулилт нь жигд сайхан тохирсон юм байлгүй. Азаар ядарсан байдал анзаарагдсангүй.

-С.Ням-Очир олон улсын тэмцээнээс медаль хүртээд баярын нулимс унагаж байсан уу?
-Бараг л үгүй дээ. Медаль аваад нэг их баярладаггүй юм. Намайг «Миний хүү, хөдөлмөрийн чинь үр шим гарч, медаль авлаа. Баярлаж хөөрч бай л даа» гэхээр «Аав аа, би их том зорилго тавьсан. Тиймээс жижигхэн зүйлд баярлаж хөөрөхгүй гэж бодож байгаа» гэдэг. Тэгэхээр нь би «Чамлахаар чанга атга. Үзүүлсэн амжилтаараа бахархаж, омогшиж бай» гэдэг л дээ.Гэхдээ хүү маань медалиудаа том, жижиг гэлтгүй их хүндэлдэг. Тэмцээнд явахынхаа өмнө бүх медалиа шаржигнуулаад, дараачийн медалиа дуудна шүү дээ.

-С.Ням-Очирт алт, мөнгөн медалийн төлөө барилдах боломж байсан гэж мэргэжлийн хүмүүс ярих юм?
-Болохгүй юм болохгүй шүү дээ. Ямартаа ч хүү маань Монголын медалийн салхийг хагаллаа. Арван хэдэн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж, хүсэл мөрөөдлөө биелүүлж чадлаа. Маш их баяртай байна.

- Английн тайлбарлагчид таны хүүг их сайхан инээмсэглэх юм хэмээн дуу алдаж байсан?
-Миний хүүд нэг сайн тал бий. Хүү маань өрсөлдөгч тамирчдаа их хүндэлдэг. Хүнд өширдөг зан хүүд минь огт байхгүй. Ийм чанар тамирчин хүн бүрт байх ёстой.
Хүчний спортоор хичээллэх хүн эцэг, эхээсээ авьяастай, заяагдмал төрдөг гэж би боддог. Авьяасаа хөгжүүлж чадсан нь л сайн тамирчин болдог. Барилддаггүй л болохоос биш маш олон бөх байдаг.

-Нэр алдрыг дагаж маш олон зүйл ирдэг. Хэтэрхий өндөр нэр хүнд зарим хүнийг эвддэг ч гэлцдэг?
-Би хүүдээ «Олон түмний хайрыг дааж яваарай» гэж байнга захидаг. Хүнийг хамгийн их эвддэг зүйл бол архи шүү дээ. Би архи хэтрүүлж хэрэглэдэггүй. Хүүдээ ч «35 хүртлээ архи битгий амсаарай. Олон түмний хүндлэлийг дааж, танихгүй хүнтэй ч гэсэн мэнд устай яваарай. Хун уурлаж байсан ч өөдөөс нь ямагт инээмсэглэж байгаарай» гэж захидаг даа.

-С.Ням-Очир жүдо бө­хийн олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгдтэй үерхдэг. Хүү тань медаль хүртлээ. Одоо бэрийнхээ захыг мушгих л үлдлээ?
-Хоёр хүүхэд маань аравдугаар ангид байхдаа шигшээ багт хамтдаа барилдах болсноор үерхэж эхэлсэн. Хүү маань анх «Аав аа, би П.Лхамдэгдтэй үерхэж байгаа. Зүгээр үү» гэж асууж билээ. Тэгэхэд нь би «Авьяастай хүн ухаантай байдаг юм. Өөрөө л мэд» гэсэн юм. Тэрнээс хойш өдийг хүртэл сайхан үерхэж байна. Бэр маань маргааш барилдана. Буурал хангайдаа залбираад л, барилдааныг нь үзнэ дээ.

Г.Пагма: Хүүгээ медаль хүртэнэ гэдэгт итгэлтэй байсан
Монгол Улсаас төрсөн олимпийн 20 дахь, Монголын жүдогийн зургаа дахь медальтан С.Ням-Очир бөхийн удамтай, спортын олон алдартантай гэр бүлээс гаралтай. Самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Жамсран, ОУХМ Г.Баатарсүрэн, Г.Барсүрэн нар цом Олимпийн хүрэл медальтны нагац. С.Ням-Очирын ээж Г.Пагма «Нас өндөр болсон болохоор хэт их баярлаж болохгүй гээд хүүгийнхээ барилдааныг аль болох тайван үзэхийг хичээдэг юм. Хань. маань хүүгийн мэх, барьцыг шинжээд л сууна. Би ч бас барьц гадарладаг болсон» хэмээн ярих авч хүүгийнхээ хүрэл медалийн төлөөх барилдааны давталтыг зурагтаар үзээд, цийлэгнээд ирсэн баярын нулимсаа нууцхан арчиж суугаа харагдсан.

-С.Ням-Очир багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Их сэргэлэн цовоо хүүхэд байсан. Аав, ээж хоёрынх нь тал бөхийн удамтай болоод тэр үү, багаасаа л бөх сонирхсон. Дунд сургуулийн наймдугаар ангид байхаасаа сонин дээрээс бөхийн тухай бичсэн материалуудыг цуглуулж, хайчилбар хийж хадгалдаг байлаа. Аав шигээ дуу цөөтэй, даруухан. Гэхдээ бас их хичээнгүй. Шүлэг бичнэ. «Хүрэл тулга» тэмцээнд байр эзэлж, шагнал хүртсэн. Тэр ч бүү хэл, дөрөвдүгээр ангид, байхдаа улсын заан Ганбатад захидал биччихсэн байж билээ. Ганбат захианд нь хариу илгээж, багш нь түүнийг ангийнханд нь уншиж өгч байсан.

-Ямар утгатай захидал юм бол?
-Тухайн үед түүнийг нь бид хоёр нэг их сонирхож үзээгүй. Бөх болно гэсэн мөрөөдлийнхөө тухай л бичсэн болов уу. Манайх хоёр охин, хоёр хүүтэй. С.Ням-Очир маань эгчээсээ 11 насаар дүү. Отгон хүү минь болохоор аль болох бэртээж гэмтээчихэлгүй, эрүүл саруул өсгөчих юмсан л гэж боддог байлаа шүү дээ.

-Хэнз хүүхэд болохоор энхрийлж өсгөсөн байх даа?
-Би хөдөө суманд 31 жил эх баригч эмч хийсэн. Хоёр, гурав хоногоор ажил дээрээ хононо. Ганц эх баригчийн ажил хийхгүй. Хаана, хэн өвдөнө, тэр болгоныг асарч тойлно. Тиймээс хүүхдүүдээ өсгөхөд тийм ч их үүрэг гүйцэтгээгүй. Хань минь л өсгөсөн дөө.

-С.Ням-Очир хэр эрх вэ?
-Хүү маань тэр бүр эрхлээд байдаггүй. Гэхдээ П.Лхамдэгд маань «С.Ням- Очир их эрх юм. Та хоёр түүнийг их эрхлүүлжээ» гэдэг. Магадгүй, бид эрхлүүлж байгаагаа сайн анзаардаггүй байх л даа.

-Хүүгээ медаль хүртэнэ гэдэгт хэр итгэлтэй байв?
-Хүүгээ Америкийн бөхийг ялна гэдэгт итгэлтэй , байсан. Харин түүний дараах барилдаанд яах бол гэж жаахан эмээж байлаа. Ханийгаа «Амархан ялна аа» гэхээр нь сэтгэл уужраад, ямар ч байсан медаль авах юм байна гэж бодоод л суусан.

Ц.Баттуяа
Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш