УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааныг өчигдрийн үдээс хойш буюу 16 цагаас үргэлжлүүлэхээр зарлаад байсан ч тодорхойгүй шалтгаанаар бас л хойшлогдов. Уг нь гишүүдэд аль байнгын хороонд ажиллах саналтай байгаагаа өдрийн 15 цаг гэхэд эцэслэн дуулгахыг УИХ дахь бүлгүүдийн дарга нар даалгаад жигтэйхэн ажил хэрэгч байсан аж. Хойшлогдсон шалтгааны талаар сураг тавьтал гурав дахь өдрөө үргэлжилж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурлын эцсийн дүнг харахаар болж, чуулганы хуралдаан дахиад л гацаанд орсон бололтой. Өчигдрийн үдээс өмнө хуралдсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал хатуу, ширүүн уур амьсгалтай болж, МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудал хаашаа эргэхээс хамтарч байгуулах Засгийн газрын хувь заяа шалтгаална гэсэн байна. Хэрэв Н.Энхбаярт ял оноовол “Шударга ёс” эвслийнхэн хамтарсан Засгийн газарт орохгүй, шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг талаар ч бүлгийн хурлаар хэлэлцжээ. Харин АН-ынхны дунд нисч яваа бор шувуугаар бол Н.Энхбаярт ял оноовол эсвэл задарч, АН-ын угшилтай МҮАН-ынхныг салгаж аваад бие даагчид, ИЗНН-ынхантайгаа хамтраад Засгийн газрыг эмхлэн байгуулж болох гарц байгаа юм гэнэ. Асуудал хэрхэн өрнөх нь өнөөдөр тодорхой болно.
Э.Гэрэл
Э.Гэрэл