logo
Монголын парламент 28 бие даагчтай болох нь

Монголын парламент 28 бие даагчтай болох нь

2012/08/03
УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 13.1 дэх заалтад “УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор УИХ-ын тухай хуулийн 26.1-д заасан суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ” гэж заажээ. Тэгэхээр МАН-ын гишүүд УИХ-ын дарга З.Энхболдод бүлэг байгуулсан тухай шийдвэрээ өргөн мэдүүлээгүй төдийгүй З.Энхболдыг хууль бусаар томилсон гэх заргыг үүсгэн чуулганы хуралдааныг гацаагаад байгаа билээ. АН-ын хувьд хууль зөрчөөгүй гэх байр суурин дээрээ хатуу зогсч байгаа учир чуулганы хуралдаан цааш үргэлжлэхээр бол МАН-аас сонгогдсон 25 гишүүн бие даагч гишүүд болохоор нөхцөл бүрдээд байгаа аж. МАН-ын зүгээс Үндсэн хуулийн цэцэд хандаж болох ч Үндсэн хуулийн цэц АН-ын талд шийдвэр гаргах юм бол өчиггүйгээр МАН-аас сонгогдсон гишүүд бие даагчаараа үлдэж таарах нь. Тиймээс МАН-ынхан АН-ынхны хөлд нь сууж, УИХ-ын даргыг хуулийн дагуу сонгох жүжгийг бас нэг удаа тоглуулахын төлөө ажиллах хэрэгтэй болж байна. Түүнчлэн УИХ-д бие даан сонгогдсон гурван гишүүн бие даагч гишүүдийн зөвлөлийг албан ёсоор байгуулснаараа МАН-ын 25 гишүүнийг зөвлөлдөө багтаах эсэх дээрээ нухацтай ярилцаж, болзол тулган, зөвшөөрвөл хүлээн авна гэх байр суурьтай байгаа аж. Нөгөө талаар УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 11.2-т “Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн тангараг өргөх үйлдэж дуустал Ерөнхийлөгч, УИХ-ын даргыг сонгож дуустал УИХ-ын насаар хамгийн ахмад гишүүн чуулганыг зохион байгуулж, даргална” гэсэн заалт бий. Энэ заалтыг МАН-ын гишүүд барьж, Үндсэн хууль зөрчсөн мэтээр тайлбарлаж байгаа юм. Гэтэл МУ-ын Үндсэн хуульд ийм заалт байхгүй бөгөөд зөвхөн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн заалт аж. Тэгэхээр МАН-ынхны хэлээд байгаа Үндсэн хуулийн зүйл заалт зөрчигдөөгүй болж таарч байгаа юм. Нөгөөтэйгүүр уг заалт нь тухайн чуулганы хуралдаанд ирсэн гишүүдийн хамгийн ахмад гишүүн нь удирдах юмуу ер нь сонгогдсон гишүүдийн хамгийн ахмад нь удирдах уу гэдэг нь тодорхой бус байгаа юм. Тиймээс намууд өөр өөрийн өнцөгөөр хуулийн заалтыг өмнөө барин үзэлцэж, төрийн машинаа гацаагаад сууцгаачихсан болж таарч байна. Ямар ч байсан МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал, МАН, АН-ын зөвшилцөл хаа хүртэл эв зүйгээ олно тэр цагт төрийн ажил явагдах бололтой.
Э.Болор  www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш