logo
Ерөнхийлөгчийн урилгаар Ардчиллын гол онолчид лекц уншина

Ерөнхийлөгчийн урилгаар Ардчиллын гол онолчид лекц уншина

2012/08/03
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар ардчиллын гол онолчид Монголд удахгүй газардах гэж байна. Тэд төрийн ордны их танхимд “Дэлхийн санхүүгийн хямралын дараах хөгжлийн загварууд”, “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увидас” зэрэг сэдвээр ном хурж, монголчуудтай ярилцах юм.  Энэ сарын 13-ны өглөө 10 цагт эхлэх тэр номын хур буулгах арга хэмжээнд  энгийн иргэд, эрдэмтэн сэхээтэн, төрийн албан хаагчид, улстөрчид, бизнес эрхлэгчид гээд оролцохыг хүссэн, сонирхсон 1000 хүнийг урихаар Ерөнхийлөгчийн Тамгын газар төлөвлөөд байна. Урилгыг “Интерном” дэлгүүрээр дамжуулан олгох болно. Онол, үзэл бодлоо хуваалцахаар ирэх зочид маань АНУ-ын Стэнфордын их сургуулийн харьяа “Фрийман Спогли олон улс судлалын хүрээлэн”-гийн нэрт профессорууд юм. Тухайлбал, дэлхийд алдартай улс төр судлаач, философич Фрэнсис Фукуяама, ардчиллаар дагнан олон арван жилийн турш судалгаа шинжилгээний ажил хийсэн олон улсын тэргүүлэх зэрэгтэй эрдэмтдийн нэг Ларри Даймонд, улс төр судлалын салбарт улс орны бүрэн эрх, хараат бус байдлын сэдвээр гүн гүнзгий судалгаа шинжилгээний ажил хийснээрээ манай гаригийн номын мэргэдийн хүндэтгэлийг хүлээсэн Стивен Краснер нар билээ.

Тэдний тухай товч танилцуулга толилуулж байна.

Профессор Фрэнсис Фукуяама
Энэ хүн олон улсын шилдэг их дээд сургуулиудад уригдан лекц уншдаг юм.  Улс төр, эдийн засгийн холбогдолтой олон ном зохиол бичиж тэрээр дэлхийд алдаршжээ. Түүний  хамгийн алдартай ном нь “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” юм.  Энэ ном шүүмжлэгчдээс магтаал хүртэж, олны дунд ихээхэн шуугиан тарьсан гэдэг. 1992 онд худалдаанд гарсан даруйдаа АНУ, Франц, Япон, Чили улсад хамгийн олон тоогоор борлогдсон номоор тодорч, бас “Лос Анжелес Таймс”-ын шилдэг номоор шалгарчээ. Дэлхийн 20 гаруй хэлээр хэвлэгдсэн энэ бүтээл уншигчдаас өндөр үнэлгээ авсан төдийгүй орчин үеийн лидерүүдийн ширээний ном болсон байна.
Түүнээс гадна тэрээр 1995 онд “Итгэл найдвар: Нийгмийн үр ашиг ба баялгийг бүтээх нь” номоо дэлхийн арав гаруй орны хэлээр хэвлүүлсэн нь найман сая гаруй ширхэг борлогджээ. “Хүн төрөлтхний ирээдүй: Биотехнологийн хувьсгалын үр дагавар” номоо 2002 онд гадаадын дөрвөн хэлээр хэвлүүлж, дөрвөн сая гаруй нь борлогдсон байна. Харин “Төрийн байгуулалт: Засаглал ба дэлхийн хэв журам XXI зуунд” номоо 2004 онд, “Салаа замын эхэн дэх Америк” номоо 2006 онд хэвлүүлсэн нь тус бүр хоёр сая хувиар, “Хоцрогдол: АНУ болон Латин Америкийн хөгжлийн ялгааг тайлбарлах нь” номоо 2008 онд, “Улс төрийн дэг журмын эхлэл” номоо 2011 онд нийтэд толилуулсан нь тус бүр сая хувиар борлогджээ. Фукуяама “Салаа замын эхэн дэх Америк” номоороо америкчуудад өнгөрснөө эргэн харж, ирээдүйдээ чухам ямар хувь тавиланг сонгох вэ гэдэг асуултыг тавьсан юм. Тэрбээр Иракийн дайны гашуун туршлагыг сануулж, америкчууд энхийн замаар явсан бол дэлхий нийтээрээ хямрал, хүнд байдлаас зайлсхийх боломжтой байсныг илэрхийлэн олон улсын бодлогод шинэчлэл хийхийг дэмжиж буйгаа онцолсон байдаг.
Нэгэн үеийн турш хөгжлийн талаарх барууны сэтгэлгээ чөлөөт зах зээлийн эдийн засгийн онол буюу заримдаа Вашингтоны зөвшилцөл хэмээгддэг онол дээр тулгуурлаж иржээ. Олон жилийн турш энэхүү загвар ширүүн шүүмжлэлд өртсөн бөгөөд 2008-2009 оны Уолл Стритийн санхүүгийн хямралаас хойш нийтээрээ түүнээс татгалзах болжээ. Энэхүү загварыг Европын загвараар орлуулж болох тухай зарим санаа гардаг ч энэ нь тийм ч таатай сонголт бус гэдгийг эдүгээ үргэлжилж буй еврогийн хямрал бэлхнээ нотолж буй гэлтэй. Тэгээд ер нь улс орнууд хөгжлийн ямар загвар баримтлах учиртай вэ? Зарим нь Хятадын авторитар капитализмыг боломжит хувилбар гэж үздэг. Хятадын тэрхүү загварын амжилтын үндэс нь төрийн чадавхид оршдог гэж үзэх авч ихэнх хөгжиж буй орнуудад төрийн чадавх үгүйлэгддэг. Иймд хөгжлийн стратеги нь төрийн оролцоог хангахдаа нөхцөл байдлын бодит дүгнэлт үнэлгээнд суурилах, мөн улсын хэвшлийн чухал салбаруудад чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэх учиртай. Тиймээс орчин үеийн, аль нэг хувь хүнийг шүтсэн бус, өмчийн эрх, мөн иргэний эрх, эрх чөлөөг хангаж ажилладаг төртэй байх нь дан ганц эдийн засгийн хөгжилд бус ардчилал оршин тогтноход амин чухал ач холбогдолтой талаар Фрэнсис Фукуяама энэ удаа өгүүлэх бололтой.

Фрэнсис Фукуяама 1952 оны аравдугаар сарын 27-нд АНУ-ын Чикаго хотод төржээ. Тэрээр Корнеллийн их сургуулийг төгссөний дараа Харвардыг улс төр судлаач мэргэжлээр дүүргэсэн байна. Фукуяама Харвардын сургуульд Самуэль Хантингтон, Харви МэнсФилд зэрэг алдартай эрдэмтэдтэй хамт суралцаж, “Зөвлөлтийн аюул занал Ойрхи Дорнодыг түрэмгийлэх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. Фукуяама нь 1979 онд RAND корпорацид нэгдэн оржээ. Судалгаа ба хөгжил хэмээх байгууллага буюу RAND нь  ашгийн төлөө бус ажилладаг бөгөөд АНУ-ын Засгийн газраас санхүүжиж, хариуд нь дэлхийн улс төр, бодлого тактикийн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэдэг байна. Фукуяама “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” номоороо хүн төрөлхтөн өөрчлөгдсөөр дэлхий нийтэд либерал ардчилсан үзэл ноёлох төлөвтэйг илэрхийлсэн бол “Их хагарал: Хүний мөн чанар ба нийгмийн хэв журам” номдоо өнөөгийн нийгмийн өөрчлөлтийг дэлхий нийтээрээ аж үйлдвэрлэлээс мэдээллийн эрин зуунд шилжиж буйтай холбон тайлбарлажээ. Тэрбээр “Салаа замын эхэнд буй Америк” номдоо неоконсерватизмын түүхийг сөхөж, бага Бушийн Ерөнхийлөгчийн Засаг захиргааг шүүмжилсэн байна. Иракийн дайныг болхи зохион байгуулж, дайны дараа ардчилал хөгжих үндэс суурь болсон нийгмийн бүтцийг гэмтээж, дутуу үнэлсэн хэмээн Фукуяама үзжээ. Тэрээр Коннектикутын коллеж, Доаны коллеж, Японы Кансайн их сургууль, Данийн Аархусын их сургуулийн хүндэт доктор юм. Түүний хамтран зүтгэгчдийн нэг Майкл Рич “Фукуяама нь АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлогчдын нэг бөгөөд шилдэг философич, өнөө цагийн ардчиллын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж буй тэргүүлэгч эрдэмтдийн нэг юм” гэжээ.
Профессор Ларри Даймонд
Тэрээр Ардчилал, хөгжил ба хуулийг дээдлэх төвийн / CDDRL / захирлын алба хашдаг. Энэхүү төв нь ардчиллыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм.
Даймонд АНУ-ын Төрийн департамент, НҮБ, Дэлхийн банк болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг төр засгийн болоод олон улсын нэр хүндтэй байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байлаа. Энэ нь түүнийг ямар нэр хүндтэй, олон улсад танигдсан мэргэжилтэн болохыг нотлон харуулж буй билээ.
Нэгэн зүйлийг дурдахад Даймонд 2004 онд Иракийн шилжилтийн Засгийн газарт ахлах зөвлөхөөр уригдан ажиллажээ. Ийнхүү уригдсан нь ардчиллын талаар хуримтлуулсан арвин баялаг мэдлэг туршлагатайг, бас түүнийг зөвшөөрч ажилласан нь ардчиллыг түгээн дэлгэрүүлэх хүсэл эрмэлзлийг нь илтгэж буй юм. Рузвельтийн хүрээлэнгийн гишүүн, “Ардчиллын сэтгүүл”-ийн үүсгэн байгуулахад гар бие оролцож, нэрт эрдэмтэн Аббас Милани болон Майкл Макфолын хамтаар Хуверийн хүрээлэнгийн санаачилсан Ираны ардчиллын төслийн удирдагчийн албыг хашдагтаа тэрээр бахархаж явдгаа дурдсан байдаг.
Ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүмүүст ардчиллын үнэ цэнийг таниулахын төлөө оруулсан олон жилийн хүч хөдөлмөр, хувь нэмрийг нь үнэлж Ларри Даймондыг 2007 онд АНУ-ын Стэнфордын их сургууль оны тэргүүний багшаар тодруулж байжээ.
Аливаа улс орны эдийн засгийн хөгжлөөс илүүтэйгээр засаг захиргааны үйл ажиллагааг сайжруулах нь чухал бөгөөд ардчилсан улс орон бүр үүнд гол анхаарлаа хандуулах ёстой гэж Даймонд үздэг. Хэрэв ингэж чадахгүй бол хэчнээн их ашигтай ажиллаа ч эдийн засгийн өсөлт нэмэгдэхгүй ажээ.
Ларри Даймонд нь 2008 онд “Ардчиллын амин сүнс” номоо хэвлүүлсэн нь дэлхийг донсолгосон юм. Энэ ном дэлхийн 20 гаруй хэлээр хэвлэгдэж, Хойд Америк, Латин Америкаас гадна Европ, Азийн олон оронд худалдаалагджээ. Дэлхийд энэ ном нийтдээ 12 сая  борлосон гэсэн албан бус тооцоог “Эйшиа Таймс” сэтгүүл гаргасан байдаг. Энэхүү ном нь гадаад дотоодын 14 сэтгүүл, сонин хэвлэл, онлайн эх сурвалжаас тодруулсан оны шилдэг номоор шалгарч байв.
“Ардчиллын амин сүнс” номоос гадна Ларри Даймондын “Эмгэнэлт ялалт: Иракт ардчилал авчирах гэсэн болхи оролдлого”, “Хөгжиж буй ардчилал”, “1990-ээд оны ардчиллыг дэмжих нь”, “Нигери дэх анги, үндэс угсаа ба ардчилал”, “Хөгжиж буй орнууд дахь улс төрийн соёл ба ардчилал” зэрэг бүтээл туурвижээ. Мөн Даймонд ардчиллын талаарх 36 номын ерөнхий болон туслах редактороор ажиллажээ. Түүний гар хүрсэн ном бүхэн нь төгс төгөлдөр бүтээл болж, уншигчдын таалалд яв цав нийцдэг байна.
Даймонд өөрийн “Ардчиллын амин сүнс: Дэлхий нийтэд эрх чөлөөт нийгэм үүсгэн байгуулахын төлөөх тэмцэл” номдоо “Аливаа ардчилсан засаг төр иргэдийнхээ дуу хоолойг сонсч, тэдний оролцоог дэмжин, эрх чөлөө, хүний эрхийг нь хайрлан хамгаалж, эсэргүүцэж босоход нь тэвчиж, эрж хайсан бүхэнд нь хариу өгөх ёстой” хэмээсэн байдаг.
Тэрээр өөрийн бүтээлүүддээ дэлхий нийтийг нэрвэсэн хямрал, ардчиллын хөгжил, түүнд тулгамдаж буй бэрхшээлүүдийн талаар дэлгэрэнгүй өгүүлдэг. Тухайлбал дэлхий нийтийн ялангуяа хөгжиж буй орнуудын ардчиллын уналтыг цөөн хэдэн нөлөө бүхий гүрэнтэй холбон тайлбарлажээ. Эдгээр улс орны төр засгийн удирдлагын явуургүй үйл ажиллагааны улмаас дэлхий нийтэд ардчилалд өгсөн ард иргэдийн итгэл найдвар буурч, нэр төр нь булингартаад байгаа аж. Түүний үзэж буйгаар гүйцэтгэх засаглалын үр дүнтэй үйл ажиллагаа хамгаас чухал юм. Хэрэв Засгийн газар шударга, эрх тэгш, найдвартай орчин бий болгохгүй бол эдийн засгийг дэмжих бүхий л арга хэмжээ талаар болох ажээ. Энд тэрээр Кенийн жишээг татсан байдаг. Кенийн Ерөнхийлөгч Кибаки улс орноо удирдаж, эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг ард түмэндээ авчирчээ. Гэтэл тэрбээр авлигын асуудлыг орхигдуулсны улмаас ард түмний бухимдал даамжирч, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, хүчирхийлэлд хүргэсэн байна.
Иймээс аливаа ардчилсан улс орны нэн тэргүүний чухал асуудал нь засаглалыг батжуулахад оршиж байх ёстой гэдэгт Даймонд бат итгэлтэй болжээ. Хэрэв ингэж чадахгүй бол ард түмэн өөрсдөө төр засгийн эрх мэдлийг гартаа авахыг зорин араатан шинжтэй болдог байна. Нэгэнт ийм болсон үед аливаа нийгмийн адгууслаг шинж төрх илэрч, зөвхөн өөртөө баялаг хуримтлуулахын төлөө өрөөлийн эрх ашгийг уландаа гишгэн, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, засаг төрийнхөө хөрөнгөөс хумслах нь наад захын асуудал болдог ажээ.
Иймээс АНУ тэргүүтэй хөгжингүй орнууд ардчилал бүрэлдэн тогтож эхэлж буй улс орныг зөвхөн хөрөнгө мөнгөөр дэмжих бус тэдгээрт бүхий л арга замаар туслах ёстой гэдэгтэй Даймонд санал нэг байдаг.
Профессор Стивен Краснер
Тэрээр Корнеллийн, Колумбын, Харвардын их сургуулиудыг тус тус дүүргэжээ. Краснер нийт зургаан ном бичиж, 90 гаруй өгүүллэг нийтлүүлсэн байна. АНУ-ын дипломатчдын дунд Краснер нэр хүндтэй, шилдэг эрдэмтэнд тооцогдож, энэ салбартаа хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад зүй ёсоор багтдаг. Учир нь тэрбээр АНУ-ын гадаад харилцааны салбарын боловсон хүчнийг бэлтгэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлсээр ирснийг төр засаг ч хүлээн зөвшөөрдөг.
Краснер олон улсын харилцаа, эдийн засгийн харилцаа, гадаад харилцааны онол, бодлого төлөвлөлт, төрийн байгуулалт зэрэг хичээлийг он удаан жилийн турш заан 1991 онд шилдэг багшийн шагнал хүртсэн юм.
1999 онд “Тусгаар тогтнол” номоороо тэр дэлхийн улс төр судлалын салбарт шуугиан дэгдээсэн билээ. Тэрбээр номдоо олон улсын хууль эрх зүй, аливаа улсын хараат бус байдал хоорондын зөрчилдөөн болон түүний уршиг үр дагаврын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Энэ номд Краснер олон улсын харилцаанд хараат бус байдалд тооцох дөрвөн хэлбэр байгаа гэж үзжээ. Үүнд:
1. Хууль эрх зүйн хараат бус байдал. Улс орнуудын өөр хоорондын хил хязгаар, газар нутгийг хүлээн зөвшөөрөх.
2. Харилцан уялдаа холбоотой хараат бус байдал. Энэ нь даяарчлалтай холбоотой бөгөөд хүн амын шилжин суурьшил, хөрөнгө, “ноу-хау”-ийн урсгалын механизм бүхий хараат бус байдлын хэлбэрийг хэлжээ.
3. Дотоодын хараат бус байдал. Тухайн улс орны төр засгийн дотоодын асуудлыг хянах байдал.
4. Вестфалиан хараат бус байдал. Аливаа засаг бие даан дотоодын засаглалын бүтцийг тодорхойлох эрхтэйг хэлжээ.
Мөн Краснер шашин, олонхийн эрх, хүний эрх, олон улсын тогтвортой байдал гэсэн дөрвөн нөхцөл байдалд хараат бус байдлын талаарх дүрэм журам зөрчилдөг гэж үзжээ.
Стивен Краснер нь олон улсын харилцаа, төрийн байгуулалт, тусгаар тогтнол, улс орны бие даасан байдлын талаар судалгаа шинжилгээний ажил хийж, ном сэтгүүлд нийтэлсээр иржээ. Улс төр судлаачид дундаа неореалист хэмээн тооцогддог бөгөөд “Ардчилсан улс орны засаглалын сул дорой байдал нь бүх асуудлын эх сурвалж” гэдэгтэй үзэл бодол нэг байдаг. Мөн тэрбээр хүнд суртал, хаалттай байдлын эсрэг хатуу байр суурьтай хүн.
Краснерийг хамтран зүтгэгчид нь “Тэр бол ирээдүйн диломатчдыг бэлтгэгч хамгийн чухал хүмүүсийн нэг гэдэг утгаараа АНУ-ын төдийгүй дэлхийн ирээдүйг тодорхойлогч цөөн хэдэн хүний нэг юм. Краснер өөрөө болон олон мянган шавь нараараа дамжуулан хүн төрөлхтний хувь заяаг шийдэх чадвартай” хэмээн нэгэнтээ магтсан байдаг.
Тэрээр 1972 онд “Хүнд суртал чухал уу”, 1978 онд “Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах нь: Түүхий эд, хөрөнгө оруулалт ба Америкийн гадаад бодлого”, 1985 онд “Бүтцийн зөрчилдөөн: Дэлхийн либерализмын эсрэг гуравдагч ертөнц”, 1999 онд “Хараат бус байдал”, 2005 онд “Төрийн хямралыг шийдвэрлэх нь” номоо тус тус хэвлүүлжээ.
Краснерийн 1972 онд бичсэн “Хүнд суртал чухал уу” ном нь улс төр судлаачид, шүүмжлэгчдийн дунд дуулиан дэгдээж, уншигчдаас өндөр үнэлгээ авсан юм. Энэхүү ном нь худалдаанд гарсан өдрөө сая орчим хувиар борлогдож, дээд амжилт тогтоосон байдаг. Краснер энэхүү номоороо уншигчдын хайр хүндэтгэлийг хүлээж, түүний дараачийн бүтээлийг тэсэн ядан хүлээдэг уламжлал тогтсон байна.
Дэлхий нийтээр найман сая гаруй хувиар борлогдсон “Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах нь: Түүхий эд, хөрөнгө оруулалт ба Америкийн гадаад бодлого” ном нь мөн л олны дунд маргааны сэдэв болсон юм. Энэхүү бүтээл нь шүүмжлэгчдийн анхаарлыг ихэд татаж, оны шилдэг бүтээлүүдийн нэгээр шалгарч байлаа.

www.president.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш