logo
Бие даагчид уриалга гаргалаа

Бие даагчид уриалга гаргалаа

2012/08/03
УИХ-ын анхдугаар чуулган гацаанд орсноос хойш нэлээд хэдэн өдрийг цааш харуулсан ч ахиц дэвшил үзэгдэх янз алга. АН-ынхан дотроо хөлөө жийлцэж, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Н.Энхбаяр гэдэг “улаан туг”-наасаа болоод задарч, бутрах, тэмцэж, жагсах дээрээ тулах янзтай болчихоод, голоор нь МАН гэж том улаан муур гүйгээд Монголын улс төрийн амьдрал нар өдөө үзэх шинжгүй байна, ойрын үед. Энэ үед хийх юмаа олж ядсан бие даагч нар өчигдөр хоёр намын болон бусад гишүүддээ улс төрийн соёл сурахыг сануулсан уриалга гаргалаа. Бие даан сонгогдсон эрхэм гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар хамтран зөвлөл байгуулаад буй. Тэд өчигдөр хэвлэлийн бага хурал хийж уриалга гаргаснаа мэдэгдэв. Тэд төрийг гацаанаас гаргаж, улс орон, сонгогчдын өмнө хүлээсэн ажлаа хийхийг парламентад суудалтай улс төрийн хүчнүүдэд хандан уриалж байгаа юм байна. Гурван гишүүн үүссэн нөхцөл байдлыг зүгээр хараад суух биш эергээр наашлуулах талаар өөрсдийн зүгээс санаачилга гаргах хэрэгтэй гэж үзжээ.
Уриалгад “УИХ-ын сонгууль болоод сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаа нь УИХ-ын бүтцийн байгууллага, төр засгаа эмхлэн байгуулах хангалттай цаг мөч юм. УИХ-д суудал бүхий намууд хоорондоо ойлголцохгүй, ард түмний сонголтыг хүндэтгэхгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдахгүй, төрийн ажлыг гацаах болсон нь эх орон ард түмнийхээ эрх ашгийг хойш тавьсан алхам боллоо гэж үзэж байна.

Иймд УИХ-ын бие даан сонгогдсон гишүүд бид Монгол Улсын төрийн тэргүүн, улс төрийн намуудад хандан дараах зүйлийг уриалж байна. Үүнд:
1.Төрийн эрх мэдлийг хууль бус аргаар булаан авах оролдлогод хамаарах сонгуулийн явцад сонгогчдод мөнгө, эд зүйлс тараасан гэмт хэргийн талаар нотлох баримттай асуудлуудад Сонгуулийн Ерөнхий хороо тэгш бус хандсан байдал өнөөдрийн УИХ-ын бүрэлдэхүүнд илт харагдаж байна.
Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д ард иргэдийн итгэлийг бэхжүүлэх, цэвэр тунгалаг болгох үүднээс төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг оролдож мөнгө, бэлэг сэлт тарааж бусармаг үйл ажиллагаа явуулсан нэр дэвшигчидтэй холбоотой баримтаар нотлогдсон асуудлыг СЕХ, хууль хяналтын байгууллага цаг алдалгүй шийдэж, цаашид зөв жишиг тогтоох шаардлагатай байна. Ингэснээр дараа дараагийн орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу шударгаар явагдах нэг үндэс болно гэж үзэж байна.
Иймд Монгол улсад ардчилсан төр бэхжиж төлөвших нэг үндэс болсон чөлөөт ардчилсан сонгуулийг мөнгөний нөлөөлөлд автахгүй, хуулиа чанд баримлах зөв зарчим тогтооход анхаарч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох арга хэмжээ авч ажиллахыг эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд хандан уриалж байгааг хүлээн авна уу.

2.УИХ-д шинээр сонгогдсон гишүүд бид эх орон ард түмнийхээ хөгжил сайн сайхны төлөө зүтгэхээр ард түмний төлөөлөл болсон билээ. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажил зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлууд та биднийг нэг  өдөр ч алдахгүй шамдан ажиллахыг шаардаж байна. Иймд намын эрх ашгаа хойш тавьж ард түмнийхээ сонголтыг хүндэтгэн төрийн ажлыг тасалдуулахгүй явуулах алхам хийж зөвшилцөлд хүрэхийг улс төрийн намуудад уриалж байна” гэжээ.

Уриалгыг танилцуулсны дараа гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Сонгуулийн үеэр гарсан зөрчлийг СЕХ, хуулийн байгууллага цаг алдалгүй шийдэх ёстой гэж уриалгад тусгасан байна. Зөрчлийн талаар тодорхой баримт байна уу?
Ц.Д: -Сонгуулийн хууль боломжийн сайн болсон. Ард түмнээ басамжлах, эд зүйл, мөнгө тараах үйлдлийг хязгаарласан. Гэвч тойргууд дээр хууль зөрчсөн үйлдлүүд гарсныг хэвлэлүүдээр гарсан мэдээллүүдээс та бүхэн бүгд мэдэж байгаа. Тойргууд дээр сая сонгуулиар “мөнгөн бороо” орлоо. Зөрчил гаргасан гишүүдээс хэн нэгнийг татаж цэвэрлэж чадвал дараагийн сонгуульд мөнгө тарааж сонгогчдыг тохуурхдаг байдал арилна. Харин төрийн ажлыг зоосны нүхээр хардаг байдал үргэлжилбэл хүнд байдалд орно.
-Гацаанаас гарах гарцыг яаж харж байгаа вэ?
Ц.Д: -Үндсэн хуулиар УИХ бол ард түмний элч төлөөллийн байгууллага. Энэ УИХ-д 28 гишүүн л намын нэрээр орж суусан. Үлдсэн 48 гишүүн бол ард түмний төлөөлөл. Тэр 48 гишүүн хуралдаа суугаад явах бололцоотой. Намын эрх ашгийг хойш тавьж ард түмний эрх ашгийг дээдэлж хуралдаа суух хэрэгтэй байна.

-МАН-ын гишүүд бүлэг байгуулах боломжгүй болсон. Тэд та нартай адилхан бие даагч гишүүн болбол та нар тэдэнтэй нэгдэх үү?
С.Г: -Тэд манай зөвлөлд нэгдэх нь нээлттэй. Манай зөвлөлд нэгдэх гишүүдийг найрсгаар хүлээж авна. МАН, АН-ын аль ч гишүүн орж ирэх нь нээлттэй.

-Уриалгыг хэнд хаягласан бэ. УИХ-ын даргад өгөх үү?
С.Г: -Уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, намуудын удирдлагад хүргэж өгнө. Ард иргэддээ ч уриална. Монгол Улс намжсан орон биш. Иргэдийн 80 гаруй хувь нь нам бус. Намд харьяалалтай 10 гаруйхан хувийг дагаж намжиж, улстөржиж болохгүй. Ингэх нь иргэдийг цөхрөөж байна. Иргэдийн асуудлыг шийдэх гэж гарч ирсэн УИХ эргээд иргэдэд асуудал болж байна. Энэ буруу жишиг үргэлжилбэл аймаг, дүүргэд халдварлаж болно. Нэг нь сандраад, гэдийгээд, нөгөөгөө “Ороод ир” гэхэд нөгөөх нь орохгүй гэрийн гаднаас орилоод байдаг байж таарахгүй. Иргэдийн эрх ашгийг нэгд тавидаг байх ёстой. Ажил багатай айлд хэрүүл их байдаг. Ажлаар дарах ёстой. Ийм хариуцлагагүй намуудад орон нутгийн сонгуулиар ард түмэн дүнгээ сайн тавиарай гэж хэлнэ. Барилдахаасаа таахалзах гэгч болж байна. Иргэдийг ажилтай, орлоготой болгоно гэхээсээ илүү намууд албан тушаал, сайд буулаалдах байдалд хүрч байна.
Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг. Гэтэл бүрэн эрх нь дуусч байгаа Засгийн газар газрыг, лицензийг баруун, солгойгүй тарааж байна. Үүнийг зогсоох ёстой. Унтах, сэрэхийн хооронд зүүрмэглэснээс энерги их алддаг. Азаар зах зээлд шилжсэн тулдаа амьдрал явж байна.
Ц.Д: -2004 оноос хойш харахад намууд өөртөө ашигтай бол ямар ч асуудлыг шийддэг. Ашиггүй бол хууль ярьдаг. Энэ байдлаасаа салах ёстой.
-Та гурав аль аль байнгын хороонд ажиллах саналтай байгаа вэ?
Ц.Д: -Төсөв, Эдийн засаг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ажиллах саналтай байгаа.
Х.Б: -Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засаг, Төсвийн байнгын хороонд ажиллах саналтай байгаа.
С.Г: -Нэн түрүүнд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ажиллаж тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, ажлын байрны асуудлыг ярина. Мэргэжлийн дагуу Эдийн засаг, Төсвийн байнгын хороонд ажиллах саналтай байгаа.

-Бие даагчдад УИХ-ын бүтцийн байгууллага толгойлох санал бий юү?
С.Г: -Төрөөс төрсөн тэрбумтнуудыг хязгаарлах гэж биднийг сонгосон. Засагт орохыг урьтал болгохгүй. Олонхийн бүлэгтэй санал солилцсон. Нэг байнгын хороо, нэг дэд хороог бие даагчдад өгч нэг гишүүнийг УИХ-ын даргын зөвлөлд оруулах талаар ярьсан гэлээ.
Э.Гэрэл www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш