Өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүх Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн тэргүүн Н.Энхбаярт дөрвөн жил хорих ял оноосон билээ.
Ингэснээр УИХ дахь эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэгийн өмнө хэлж байсанчилан "Шударга ёс" эвсэл АН-тай байгуулсан гэрээгээ цуцлах нь гарцаагүй болов.
Өнөө өглөөнөөс эхлэн МАХН-ын удирдах зөвлөл хуралдаж, цаашид хийх арга хэмжээнийхээ талаар ярилцаж эхэлжээ.
Тэд юуны өмнө хийх тэмцлээ улс төрийн ба хуулийн гэж ангилсан ба хуулийн тэмцэл нь давж заалдах материалыг яаралтай бэлтгэж өгөх явдал гэнэ.
Харин улс төрийн хүрээнд АН-тай байгуулсан гэрээгээ цуцалж, хүчтэй сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэн, Ерөнхий прокурор тэргүүтэй хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх саналыг болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулах зэрэг ажлыг хийх аж.
Чингэснээр улс төрийн хүрээнд үүсч буй нэгэн томоохон эргэлт бол АН Засгийн Газрыг МАН-тай хамтран байгуулахаас өөр аргагүй болж буй явдал юм.
Бие даагчид болон ИЗНН-ын 2 дээр, "Шударга ёс" эвслийн нэг субьект болох МҮАН-ын гишүүдийг нэмэн МАН, МАХН-ын алинтай ч хамтрахгүйгээр Засгийн газар байгуулах хувилбар яригдсан ч М.Энхсайханы нам эвслээсээ гарахгүй гэдгээ мэдэгдсэн аж.
Ийнхүү дахин МАН-АН-гийн хамтарсан Засгийн газар бүрдэх нь тодорхой боллоо.
Л.Ганзориг