logo
Египетийн шинэ засгийн газрын гишүүд тангарагаа өргөлөө

Египетийн шинэ засгийн газрын гишүүд тангарагаа өргөлөө

2012/08/04
Египетийн шинээр томилогдсон ерөнхий сайд болон засгийн газрын гишүүд пүрэв гаригт Каир хотод болсон тангараг өргөх ёслолд оролцсон байна. Ийнхүү Исламын Ахан Дүүс хөдөлгөөнөөс нэр дэвшсэн Мохаммед Морси ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш анхны засгийн газар байгуулагдлаа. Ерөнхий сайдаар ажиллаж байсан Камал Ганзури ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогджээ.
Ерөнхий сайд Хеша Кандил ард түмэндээ хандаа шинэ засгийн газрыг дэмжихийг уриалжээ. Мөн тэрээр ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллахаа амласан байна.
Шинэ засгийн газарт Исламын Ахан дүүс хөдөлгөөнийхөн давамгайлаагүй гэдгийг хуучин засгийн газрын гишүүд болон улс төрийн туршлага багатай технократууд сонгогдсоноос харж болохоор байна.
Гэхдээ Исламын Ахан Дүүс хөдөлгөөний гишүүд дөрвөн яамыг удирдахаар болжээ. Төрийн эрхийг барьж байсан цэргийн зөвлөлийн тэргүүн, маршал Хуссэйн Тантави батлан хамгаалах яамны сайдаар томилогдсон нь Египетэд цэргийнхэн нөлөө ихтэй байсаар байгааг харуулж байна. Хэдэн долоо хоногийн өмнө цэргийн зөвлөл батлан хамгаалахын сайдаар хэнийг томилохыг шийднэ гэдгээ зарлаад байсан билээ.
Ерөнхийлөгч Морсиг ерөнхий сайдыг томилох гэж цаг алдсан хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байгаа аж.
Египетийн шинэ засгийн газрыг их ажил хүлээж байна. Учир нь энэ улсын эдийн засаг хүндхэн байгаа бөгөөд амьдрал ахуй нь сайжрахгүй байна гэж үзэж байгаа иргэд олон байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш