logo
 “Камертон”-ыхон “мөнгөөр зодож” эхлэв

“Камертон”-ыхон “мөнгөөр зодож” эхлэв

2012/08/04
Монголын хөвгүүдийн хамтлагаас хамгийн удаан хугацаанд уран бүтээл туурвисан, урт настай нь “Камертон” хамтлаг. Гэвч бусдын явсан замаас нэг их хазайлгүй, тус тусын амьдралаа хөөж одсон тус хамтлагийнхан залгамж халаагаа бэлтгэхээр эргэн нэгдээд байгаа.

Тэд “Камертон-2” хэмээх шоу зохион байгуулж, тэндээс шалгарсан дөрвөн залууг урлагийн ертөнцөд хөлөө олоход нь бүхий л талаар тусална хэмээн таван сарын турш зүтгэж буй. Тэмцээнд 700 гаруй залуу оролцохоор бүртгүүлснээс одоо 16 шилдэг оролцогч шалгарч үлдээд байгаа билээ.

Тэгвэл энэхүү шилдэг оролцогчидтой “Камертон” хамтлаг хоёр сарын туршид “тулж” ажиллах аж. Ингэхдээ тэд хүн бүрийг нэг сарын нэг сая төгрөгөөр цалинжуулахаар амлажээ. Цалингаас гадна маш их зардал гарч буй бөгөөд үүнийг “Камертон” хамтлагийнхан дааж байгаа юм. Түүнчлэн эндээс шалгарсан дөрвөн залууг нэр алдарт хүртэл бүх талаар дэмжиж, санхүүгийн асуудлыг нь бүрэн шийдвэрлэж өгнө хэмээн ярьжээ.

Энэ тухай сонссон зарим хүн “Камертон”-ы залуус халаасаа хоослохоор шийдэв үү. Эсвэл “мөнгөөр зодож” гаргаж ирсэн хамтлаг нь үнэхээр амжилтад хүрч, гаргасан бүх зардлыг нь нөхөж чадна гэдэгт хэтэрхий итгэлтэй байна уу” хэмээн хоорондоо таамаглал дэвшүүлж, зарим нь бүр мөрийцөж суугаа сурагтай.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш