logo
Тэрбум төгрөгийн өртөгтэй нүхэн гарцын үр дүнг харах үлдлээ

Тэрбум төгрөгийн өртөгтэй нүхэн гарцын үр дүнг харах үлдлээ

2012/08/06
Хотын авто замаар явган хүн хөндлөн гарна гэдэг багагүй авьяас шаардсан ажил. Анхнаасаа төлөвлөлт муутай авто зам дээр хүн гарах нь бүү хэл машин явахад ч асуудалтай болоод байгаа. Ялангуяа хүний хөл хөдөлгөөн ихтэй гудамж, талбайн ойролцоо энэ байдал илүү ажиглагддаг.
Явган зорчигчийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулж,  зарим газар нүхэн гарц хийж эхэлсэн. Тухайлбал, МУБИС-ийн урд замд нүхэн гарц барьснаар иргэдийн талархлыг хүлээж байсан нь саяхан.
Тухайн үед сонгон шалгаруулалтад “Хотын зам” компани шалгарч, 600 сая төгрөгийн өртөгтэй нүхэн гарцыг барихаар болсон. Ингээд хоёрхон сарын дотор хийж гүйцэтгэлээ хэмээн сүр дуулиантай хүлээлгэн өгсөн. Чанар, бат бэх байдалд таван жилийн баталгаа өгч байгаагаа ч онцолж байсан билээ.
Гэтэл бушуу туулай борвиндоо баастай гэгчийн үлгэрээр хоног хугацаа өнгөрөх тутам нүхэн гарцын чанар танигдсаар байна. Нүхэн гарцын дээврийн бүхээг хэдийнэ эмтэрч, энд тэндээсээ цөмрөн унасан харагдана. Үе үехэн орох ширүүн борооны ус нүхэн гарцын чанарыг улам бүр харуулсаар. Эндхийн дээврийн дусаал нэлээд бухимдал дагуулдаг бай­на. Мөн халаалт, агаар­жуулалтын систем гэж огт байхгүй. Тиймээс байнгын чийгтэй байдгаас хана, таац нь мөөгөнцөрдөх болжээ.
Түүнээс гадна “Стан­дартын шаардлагын дагуу хийгдээгүй юм билээ. Шатны хэсгийн тааз нь дэндүү намхан. Дундаж  өндөртэй монголчууд ингэж бөхийж байгаа юм чинь, манайд аялал, жуулчлалаар ирсэн европынхонд ямар санагддаг бол” хэмээн ярих иргэд ч тааралддаг.
Чийг, бие засах газрын эвгүй үнэртэй нүхэн гарцны хонгилд жижиг, дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулаад удаж байна.  Нүхэн гарцыг ашиглалтад орсон цагаас энд худалдаа эрхэлж буй С.Маамаас зарим зүйлийг тодрууллаа.
-Гадаа бүгчим байна. Харин энд агааржуулах систем байдаггүй бололтой?
-Анх энд хоёр сэнс суулгасан юм. Тэр нь бараг ажилладаггүй. Ажилласан ч энэ олон хүнд хүрэлцэхгүй шүү дээ. Бидний яг өмнө бие засах газар байна. Ийм л эвгүй үнэрээр  амьсгалж байна даа.
Өвөл болохоор бие за­сах газар бөглөрөөд бүр ч хүндрэлтэй. Мөн халаалтын систем байхгүйгээс эрүүл мэндийн хувьд ч асуудалтай байдаг. Амьдрахын эрхээр энэ бүхнийг даваад зогсохоос өөр аргагүй.
-Эдгээр асуудлыг ха­риуцах газар байгаа шүү дээ. Ямар ч арга хэмжээ авдаггүй юм уу?
-“Улаанбаатар зам ашиг­лалт, арчлалт” компани энэ бүхнийг хариуцдаг. Анх ба­ригдахдаа л чанаргүй байснаас ийм зүйл болж байгаа гэж ойлгож байна. Биднээс сар бүр ашиглалтын талбайн түрээс гэж 60 мянган төгрөг авдаг. Мөн Нийслэлийн өмчийн газар, цахилгааны төлбөр гээд татаас олон. Сард дунджаар 150 мянган төгрөг төлж байна.
Гэтэл орчны тохижилт, цэвэрлэгээнд анхаарсан удаа байхгүй. Эрүүл ахуйн наад захын шаардлагад нийцэхгүй байна шүү дээ. Энэ байдал хэний ч нүдэнд ил харагдаж баймаар. Хариуцах газар нь өдий хүртэл чимээгүй байгаад гайхаж байна  гэсэн юм.
Энд нийтдээ 19 па­вильон үйл ажиллагаа явуул­даг. Хэдхэн минут зог­сох хугацаанд агаарын дутагдалд ормоор энэ нү­хэн гарцанд эдгээр иргэн өдөржин суудаг гээд бод доо. Харин таван жилийн баталгаа өгсөн “Хотын зам” компани юу ч болоогүй мэт дараагийн нүхэн гарцаа барьж байгаа нь гайхалтай. Арга ч үгүй биз. Нийслэл хотын зам засварын дийлэнх тендерт ялдаг онцгой эрхтэй болохоор нэгэнтээ хүлээлгээд өгчихсөн нүхэн гарцад санаа зовох цаг, зав байдаггүй байх. Хотын зам компанийн захирал Маршалын гүүрний засвар шинэчлэлийн ажлыг удаашруулсныхаа бурууг хүлээхийн оронд Ерөнхий сайдын өөдөөс том дуугарч, тайлбар хийж байсан. Хүн загнадаг шигээ ажлаа хариуцлагатай хийдэг бол “Хотын зам”-ынханд хэн хүнгүй талархана. Гэтэл өмнөх нүхэн гарцаа нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр барьсан тус компани энэ удаагийн нэг тэрбум төгрөгийн тендерийн ажлаа хэр үр дүнтэй хийх бол.
Түрээсийн мөнгөө цаг тухайд нь мартахгүй авдаг “Улаанбаатар зам ашиглалт, арчлалт”-ынхан ч нүхэн гарцыг мартжээ. Ингээд би МУБИС-ийн нүхэн гарцанд хэзээ, ямар засвар хийгдэх талаар “Улаанбаатар зам ашиглалт, арчлалт” ком­паниас тодруултал “Бид зам засвар гээд завгүй байгаа. Энэ сардаа багтаад нүхэн гарцыг засах байх” гэхээс өөр хариулт өгсөнгүй. Үүнийг хариуцах эзэн ч байхгүй бололтой. Хөрөнгө мөнгө заран байж хийсэн эхний нүхэн гарцны эргэн тойрон энэ мэт асуудлаар дүүрэн. Дараагийн нүхэн гарцанд эдгээр асуудлыг бүрэн шийднэ гэдэгт итгэх л үлдлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш