logo
Сирийн иргэд хөрш Турк руу дүрвэсээр байна

Сирийн иргэд хөрш Турк руу дүрвэсээр байна

2012/08/06
Үймээн самуун, дайн тулааны хөлд талхлагдаад байгаа Сири улсын иргэд хөрш Турк руу дүрвэсээр байна. Дайн тулааны үеэр шархадсан Сирийн босогчид Туркт эмчлүүлж байна. Мөн энэ улс дахь дүрвэгсдийн хуаранд ирэгсдийн тоо ч нэмэгдсээр байгаа ажээ. Туркийн засгийн газраас мэдээлснээр энэ улсад хөрш Сирээс дүрвэн ирсэн иргэдийн тоо мягмар гаригийн байдлаар 44.000-д хүрчээ. Тэд хилийн дагуу байгуулсан түр хоргодох байруудад амьдарч байгаа юм. Гэхдээ Туркийн удирдлагууд 100.000 хүртэлх дүрвэгсдийг хүлээн авахад бэлтгэж байгаагаа мэдэгдсэн байна.
Туркийн тал хил орчмын харуул хамгаалалтаа чангатгажээ. Учир нь Турк дэх Күрдийн босогчид болон Сирийн Күрдүүд зарим суурингуудыг хяналтандаа авсан тухай мэдээлэл гарсан байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Сирийн нийслэл Дамаск болон Алеппо хотуудад засгийн газрын хүчнийхэн ширүүн дайралт явуулсаар байна.
Ираны гадаад хэргийн дэд сайд Хосейн Амир Абдоллахиян пүрэв гаригт Оросын нийслэлд нэг өдрийн айлчлал хийх үеэрээ Москва болон Тегеран Сирийн асуудалд нэг байр сууринаас хандах болно гэдгийг онцолжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас Сирийн талаар тогтоол баталсан юм. Оросын тал энэ тогтоолыг нэг талыг барьсан, зэвсэглэсэн сөрөг хүчнийхнийг илт дэмжсэн шийдвэр болсон хэмээн буруутгасан байна.
2011 оны гуравдугаар сард Сирид засгийн газрын эсрэг бослого гарснаас хойш 19000 гаруй хүн амиа алджээ. НҮБ-аас мэдээлснээр энэ улсын 1.5 сая гаруй иргэн зөрчил үймээн, дайн тулаанаас болж орон гэрээ орхисон байна.
Олон улсын хамтын нийгэмлэг Сирийн хямралыг дипломат арга замаар шийдвэрлэхээр чармайж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй хэвээр байгаа юм. Энэ нь зарим талаараа томоохон гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гэдгийг ажиглагчид хэлж байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш