logo
Mексикийн алдарт дуучин Чавела Варгас таалал төгслөө

Mексикийн алдарт дуучин Чавела Варгас таалал төгслөө

2012/08/07
Мексикийн домогт дуучдын нэг Чавела Варгас ням гаригт 93 насандаа таалал төгссөн байна. Бусад эмэгтэй дуучидтай огт адилгүй тэрээр эрэгтэй хүний хувцас өмсөж, тайзан дээр хүртэл архи, тамхи хэрэглэдэг байжээ. Варгас эмэгтэйчүүдийн тухай хайрын дуу дуулж, эрэгтэй хүн шиг биеэ авч явдаг байсан юм. Түүний энэ өвөрмөц стил Мексикийн сэхээтнүүдийн анхаарлыг татдаг байсан байна.
Тэрээр 1919 оны дөрөвдүгээр сарын 17-нд Коста Рикагийн Сан Хоакүйн Де Флорес хотод төржээ. Варгас 14 настайдаа Мексик рүү цагаачилсан байна. Бага байхдаа гудамжинд болон баар цэнгээний газар дуулдаг байсан тэрээр 30-аад насандаа мэргэжлийн дуучны карьераа эхлүүлжээ.
Варгас нэрд гарахаасаа өмнө Акапулько хотод Холливүдийн од Элизабет Тэйлор, Майк Тод нарын хурим дээр дуулж байсан байна. Нийтдээ 80 цомог гаргасан дуучин 20-р зууны дунд үед Мехико хотын хамгийн алдартай уран бүтээлчдийн нэгд тооцогддог байсан билээ.
Варгас Латины урлаг, шинжлэх ухааны академийн шагналыг 2007 онд хүртжээ. Тэрээр эмэгтэйчүүдтэй нэр холбогддог байсан бөгөөд 81-тэйдээ гаргасан намтартаа өөрийгөө лэйсби гэдгээ зарласан байна. Варгас Мексикийн зураач Фрида Калотой хайр сэтгэлийн холбоотой байснаа хэлсэн удаатай.
Алдарт дуучин өнгөрсөн онд шинэ цомог гаргаж, тайзан дээр тэргэнцэртэй гарч дуулсан юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш